Үйл явдал
БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН 16 ДАХЬ ТӨГСӨЛТ
3-14

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс Монголын жижиг дунд аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилгоор 2002 оноос тасралтгүй зохион байгуулж буй Бизнесийн үндсэн сургалтын 16 дахь төгсөлт 3 сарын 14-нд болж өнгөрлөө. Удирдлагын болон Менежерийн ангийн суралцагчид маань 2017-2018 оны хичээлийн жилд “Стратегийн менежмент”, “Маркетинг”, “Хүний нөөцийн удирдлага”, “Санхүүгийн удирдлага” гэсэн 4 сэдвээр Япон мэргэжилтэн багш нараас номын дуу сонсож, мэдлэгийн хүрээгээ тэлсэн үр дүнтэй сайхан сургалт боллоо. Төгсөлтийн ёслолын үйл ажиллагаанд Монгол-Японы төвийн захирал Ц.Даваадорж, ЖАЙКА-ийн Монгол-Японы төвийг хариуцсан мэргэжилтэн Изүми Кэйта, Монгол-Японы төвийн ерөнхий зөвлөх Окава Наото, Монголын КАЙЗЭН холбооны дэд ерөнхийлөгч Ж.Хишигжаргал, “Аравт” бизнесийн нэгдэл ТББ, Үндсэн сургалтын 13 дахь ангийн дарга Д.Батжаргал нарын хүндтэй зочид оролцож, төгсөгчдөд маань баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн урмын үгээ хайрлалаа.

Бизнесийн үндсэн сургалтад хамрагдсанаар Япон маягийн менежментийн арга барилаас суралцахаас гадна 15 жилийн хугацаанд манай сургалтыг суралцаж төгссөн 850 гаруй төгсөгчдийн нэгэн хэсэг болж танилын хүрээгээ тэлэн, цаашид бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулах таатай боломж нээгддэгээрээ давуу талтай.

Шинэ хамт олон, шинэ мэдлэг, шинэ бүхнээр дүүрэн хагас жилийн сургалт маань нийт төгсөгчдийн цаашид хийж бүтээх хүсэл эрмэлзэл, хөгжил хөөр, инээд наргианаар дүүрэн өндөрлөлөө. Та бүхнийхээ цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ манай үүд хаалга байнга нээлттэй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.