ХАМТЫН АЖИЛЛАГАА
Монгол-Японы Төвийн 5 жилийн ойгоор зохиогдсон арга хэмжээнүүд
2012-01-14 21:59
    Монгол-Японы Төв нь Монгол улсын зах зээлийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц хүний нөөцийг хөгжүүлэх болон Монгол, Япон хоёр орны харилцааг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан. 2002 оны 6-р сард болсон Төвийн нээлтийн ёслол болон 5 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Японы эрхэм хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон билээ. Хүндэт төлөөлөгчид, 5 жилийн ойн ёслолын арга хэмжээн дээр Монгол-Японы Төв нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

    Улмаар Төвийн 5 жилийн ойн дурсгалын самбарын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд М.Энхболд, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ичихаши Ясүёши нар оролцсон ба Монгол улсын ерөнхий сайд М.Энхболд, Монгол улс тогтвортой хөгжлийн шинэ үе шатанд орсоор байгаа өнөө үед хурдацтай хөгжих эдийн засгийг бүтээн байгуулахад чадварлаг боловсон хүчин бэлтгэх явдал нь нэн чухал бөгөөд үүнд Монгол-Японы Төв нь ихээхэн хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэлээ.

    Тус дурсгалын самбар нь Төвийн барилгын зүүн өмнө хэсэгт байрлах ба самбар дээр дурсгалын үгс, хоёр орны төрийн далбаа, Төвийн болон ЖАЙКА-ийн лого зэргийг 180 см өндөр, 50 см өргөнтэй шилэн дээр сийлэн, никель багананд суурилуулсан байна. Төлөөлөгчид Төвийн зурагт үлгэр, нугалбар цаасан урлаг, анхан шатны компьютерийн сургалтуудтай танилцсан билээ.