Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрөлх нутаг Увс аймгийн Малчин сумынхаа сурлага, авъяас, амжилтаараа үе тэнгийнхнээ манлайлсан таван оюутанд гэр бүлийнхээ нэрэмжит тэтгэлгийг жил бүр олгодог. Өнөөдөр гурав дахь удаагийн тэтгэлэгээ гардууллаа. Ийнхүү Малчин сумаас нийслэлд суралцаж буй таван оюутан сургалтын төлбөрийн тэтгэлэгийг Ерөнхий сайдаас гардан авсан юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг шилдэг оюутануудад тэтгэлэг гардуулан өгөхдөө “Хүн бүхэн хичээж хөдөлмөрлөвөл амжилт хүлээж байдаг. Тиймээс та бүхэн улам сайн суралцаж, өөр өөрсдийн авъяасаа хөгжүүлээрэй. Эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, цаашилбал дэлхийн тавцнаа төрөлх нутгийнхаа нэрийг өргөн алдаршуулах бүтээлч иргэд болоорой” гэж ерөөлөө. Түүнчлэн, бүтээлч иргэн болсноор төрсөн нутаг төдийгүй эх орондоо хөдөлмөрч сэтгэлгээ түгээдгийг өөрийн гэр бүлийн эрхэлдэг чацарганын тариалангаараа жишээлэн ярьж, ийм хөдөлмөрийг орон нутагтаа үргэлжлүүлэн хөгжүүлэх үүргээ ухамсарлаж суралцахыг захилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.