Өнөөдөр Төрийн ордны их танхимд “Хууль зүйн салбарын шинэчлэл” чуулга уулзалт боллоо. Уулзалтад МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль сайд Х.Тэмүүжин, дэд сайд Э.Эрдэнэжамъяан, хуулийн байгууллагын төлөөллүүд оролцов. Энэ үеэр Х.Тэмүүжин сайдаас дараах зүйлийг тодруулав.
-Шинэчлэлийн талаар тодруулахгүй юу?
-Ирэх арванхоёрдугаар сард бид найман хуулийн төсөл өргөн барина. Хууль тогтоомжийг шинэчлэхээс ажлаа эхэлж байна. Дараа нь шинэ бүтэц байгууламжууд бий болно. Түүний дараа үнэхээр чадварлаг боловсон хүчин гарч ирэх болно. Одоо байгаа хуульчдаа ч давтан сургана.
-Найман хуулийг шинэчлэснээр хууль хоорондын уялдаа холбоогүй байдал, цоорхойтой байдал бүрэн засагдаж чадах болов уу?
–Бүрэн засагдана гэж би хэлэхгүй. Энэ найман хууль шинэчлэгдсэнээр хийх ёстой ажлын зөвхөн 50 хувь нь явагдаж байна гэсэн үг. Үүний араас дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой гурван хууль, иргэний нийгэмтэй холбоотой дахин гурван хууль гээд нэлээн олон хуулиуд шинэчлэгдэнэ. Дараа нь бусад хуультай холбоотой уялдаанууд ажиллаж эхэлнэ. Хуулийн шинэчлэл цаашдаа ч ажиллаж, үргэлжлээд л байна. Томоохон шинэчлэл энэ хэдэн хуулиар эхэлж байгаа юм. Дараа дараагийнх нь жижиг жижиг засвараар явагдана.
-Та хорих байгууллагуудыг нэгтгэх талаар ярьж байсан. Аюултай нөхцлийг нь харгалзаж үзсэн юм уу. Олон хоригдол нэг дор байх аюултай биш үү?
-Хорих байгууллагууд дотроо хамгаалалтын нарийвчилсан хамгаалалт, дэглэмтэй байдаг. Одоо задгай байгаа хорих өөрөө хамгийн аюултай. Яагаад гэхээр гадаад хяналт нь хүн хүч хүрэхгүй байгаа. Ний нуугүй хэлэхэд, 500 хоригдлыг өдөрт арав хүрэхгүй хүн харгалзаж байна. Тэднийг нийлүүлээд 1500 болголоо гэж тооцоход нэг дор ажиллах хянагчдын тоо нэмэгдэнэ. 25 хориход камерийн хяналт тавихаас таван хориход камерийн хяналт тавина гэдэг бол нийт урсгал зардлыг ч шийдэж чадна. Үлдсэн төгрөгөөр нь шинэ хамгаалалтын систем авна гэсэн үг. Ингэснээрээ аюулгүй байдал илүү найдваржина.
-Цагдаа иргэдтэй нягт ажиллахад ямар шинэчлэл хийгдэж байна?
-Хууль сахиулахын их сургуульд ахлагчийн сургууль болон цагдаагийн боловсон хүчинтэй холбоотойгоор том шинэчлэлүүд эхэлж байна. Цагдаагийн бие бүрэлдэхүүн давтан сургууль бол өөр бусад сургалтын олон хэв маягууд бий болж байна. Цаашдаа цагдааг 45 хоногоор бэлдэхгүй. Хамгийн багадаа 2.5 жил, цаашлаад 3.5 жилээр сургана. Ингэж цагдаагийн боловсон хүчийг бэлтгэдэг болно. Тэгэхээр сайн дурын сонирхогч биш мэргэжлийн цагдаа ажилладаг болно.
-Хууль шүүхийн байгууллагад албан тушаалтнуудын нөлөөлөл хэр байх вэ?
-Шинэ хуулиуд гараад ирэхээр улс төрийн болон хэн нэгэн эрх мэдэлтний нөлөөлөл алга болж байгаа.
-Та шинэчлэл нэрээр өмнөхөө үгүйсгээд байгаа дүр зураг харагдаж байна. Жишээ нь хоригдол, ялтнуудыг сургаагүй ч гэх юм уу?
-Одоо хорих ангид сургуультай хорих анги байна уу? Байхгүй ш д. Шоронгоор яваад үзээрэй. Шоронд ямар үйлчилгээ байдаг гэхээр хоригдлуудыг хоригдлоор мануулдаг. Гал хамууд гэдэг нэртэй. Хоолоо дундаа хийж иддэг. Байгаа бодит байдлыг бодитоор нь хүлээж авах хэрэгтэй.
Б.Чимэг
Сэтгэгдэл (21)