МЭДЭЭЛЭЛ
-ЯПОНЫ “ХИНАМАЦҮРИ БУЮУ ОХИДЫН БАЯР”-ЫГ МОНГОЛД-
2018-03-06 14:36

2018 оны 3 сарын 3-ны Бямба гарагт Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төв нь Японы “Хинамацүри буюу Охидын баяр” сэдвээр Япон хэл, соёлын танилцуулга хичээлийг амжилттай зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд 4-12 насны нийт 22 оролцогчид оролцож, цагийг дурсамж дүүрэн, хөгжилтэйгээр өнгөрөөсөн юм.

Япончууд охин хүүхдээ эрүүл энх өсөн торниж, азжаргалтай амьдрахыг билэгдэн, уг баярыг тэмдэглэдэг тул энэ удаагийн арга хэмжээнд зөвхөн охид оролцсон билээ.

 Танилцуулга хичээлийн эхэнд Японд “Хинамацүри буюу Охидын баяр”-ыг хэрхэн тэмдэглэдэг талаар танилцуулсны дараа “Таношии Хинамацүри” хэмээх дууг хамтдаа дуулав. Түүний дараа оролцогч охид маань өөрсдийн гараар үсний туузан чимэглэл болон “Хина хүүхэлдэй”-н цаасан нугалбар хийж сурцгаалаа.  

“Хина хүүхэлдэй”-г охин хүүхэдтэй гэр бүлүүд худалдан авч засдаг ба энэ нь нөгөөтэйгөөр охин хүүхдийг элдэв гай барцадаас хамгаалдаг хэмээн үздэг байна.

 Мөн түүнчлэн оролцогчдын хүсэн хүлээсэн “Хинамацүри буюу Охидын баяр”-ын хоолны цаг болж, хамтдаа хоол хийцгээсэн юм. “Осүши”-гүйгээр Японы баярыг төсөөлөхийн аргагүй.

Гэсэн хэдий ч энэ удаа Монгол оролцогч хүүхдүүдийнхээ амтлах мэдрэхүйд тааруулан, “Сү” (Цагаан цуу) хэрэглэхгүйгээр “Райсү кээки буюу Цагаан будааны давхраат”-ыг хамтдаа хийж, амтархан зооглосон билээ.

 Үйл ажиллагааны төгсгөлд төвийн 1 давхарын хүлээлгийн танхимд зассан “Хина хүүхэлдэй”-н өмнө оролцогчид дурсгалын зургаа авахуулснаар өндөрлөлөө.

 Дараагийн япон хэл, соёлын танилцуулга хичээлээрээ Японы “Танго но сэккү буюу Хүүхдийн баяр”-ыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Төвийн дараа дараагийн үйл ажиллагаанд та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.