ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, МУИС-ийн Философийн тэнхим, ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгээс хамтран 2005 онд багш судлаачдын дунд эрдэм шинжилгээний бага хурал, оюутан залуусын дунд “Эрх чөлөөний философи” сэдэвт олимпиад, “Зүй ёст нийгмийн тухай” мэтгэлцээн зохион байгуулж Монголд анх удаа тэмдэглэжээ. Үүнээс хойш тухайн жилд зарласан сэдвийн хүрээнд их, дээд сургуулийн оюутны дунд эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг болсон. Харин энэ өдрийг тохиолдуулан маргааш ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн “Монгол дахь иргэний нийгмийн төлөвшил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Тус хуралд философич, хуульч, улс төр судлаач 16 эрдэмтэн илтгэл хэлэлцүүлж, арав гаруй байгууллагын эрдэмтэн судлаачид оролцоно. Мөн МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухаан сургуулийн Философийн тэнхмээс “Жендер судлал руу нэг алхам” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм.
Д.Ундрах 24tsag.mn