МЭДЭЭЛЭЛ
“НАЙРАМДАЛ” ТӨВӨӨС МАЙХАНТ ЗУСЛАНГ ЗОХИОН БАЙГУУЛНА
13 өдөр

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 40 жилийн ойн хүрээнд “Найрамдал 40 жил” олон улсын майхант зусланг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн Гүрэнт улс хэмээгддэг Найрамдал төвийн 40 жилийн ойд илүү олон хүүхдийг хамруулж, биечлэн танилцах боломжийг олгох төдийгүй 2018 оны хүүхдийн хамгийн том үйл ажиллагаа болох юм. Ирэх зуны долдугаар сарын 16-22-нд гадаад, дотоодын 1000 гаруй оролцогчид, зохион байгуулагч 500 гаруй залуучууд, багш нар Майхант зусланд хамрагдана.

Зуслангийн онцлог нь хүүхдийн зуны амралтын хамгийн шинэлэг, бүтээлч хөтөлбөрийг шинжлэх ухааны ололт амжилт, техник сэтгэлгээг хөгжүүлэх, амьдрах ур чадварт суралцах, адал явдал, авхаалж самбааг сорих зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаатай хослуулсан мартагдашгүй дурсамж бүхий зусланд өнгөрүүлэх боломж байх болно. Оролцогчид 10 хүүхэд, 1 удирдагч гэсэн зохион байгуулалттай байх бөгөөд 4 дэд зусланд хуваагдан үйл ажиллагаанд оролцоно.

Үйл ажиллагаа нь Нүүдэлчдийн соёл төв, Шинжлэх ухаан танин мэдэхүйн төв, Нийгмийн хөгжлийн төв, Адал явдалт хөтөлбөрийн төв, Хүүхдийн ертөнц тоглоомын төв гэсэн 5 төв дээр хүүхдүүдийг хуваарийн дагуу хүлээн авч үйлчлэх юм. Нүүдэлчдийн соёл төв нь гадаад болон дотоодын хүүхдүүдэд монгол орны ёс заншил, ахуй амьдралтай танилцуулах бол дэлхийн түүх, шинжлэх ухааны гайхамшигт ололт амжилт, техник технологийн шинэчлэлтэй танилцуулж бага хэмжээний туршилтуудыг хийлгэх зорилгоор Шинжлэх ухаан танин мэдэхүйн төв ажиллана.
Эх сурвалж: http://www.montsame.mn/read/91870