Үйл явдал
“ЯПОН МАЯГИЙН МЕНЕЖМЕНТ” СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2018-09-12 15:14

Монгол-Японы төвөөс ЖАЙКА-ийн ЖДҮ-ийн менежментийг сайжруулах төслийн хүрээнд бизнесийн төрөл бүрийн сургалтыг зохион байгуулдаг билээ. Энэ хичээлийн жилийн сургалтыг нээж өнгөрсөн амралтын өдөр буюу 9 сарын 8-ны өдөр “Япон маягийн менежмент” бизнесийн суурь мэдлэгийн сургалтыг зохион байгууллаа. 30 орчим компани, аж ахуйн нэгжийн удирдлага, албан хаагчид хамрагдсан уг сургалтаар Япон маягийн менежмент гэж юу болох, түүнд хэрхэн авах гээхийн ухаанаар хандах, хэрхэн Монгол хөрсөнд буулгах талаар номын дуу сонслоо.

“Япон маягийн менежмент” сургалтын удирдагч багшаар Монгол-Япон төвийн арвин туршлагатай үндэсний сургагч багш, Монголын КАИЗЭН холбооны дэд ерөнхийлөгч, “Коннект” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал Ж.Хишигжаргал ажиллалаа. Ж.Хишигжаргал багшийн хувьд Япон оронтой салшгүй холбоотой хүн бөгөөд олон жилийн турш Японы компаниудтай хамтран ажиллаж ирсэн туршлага дээрээ үндэслэн онолын мэдлэгээс илүү амьдралд хэрэгтэй практик мэдлэг олгодог багш билээ. Энэ удаагийн сургалтаар ч мөн адил өөрийн туршлага болон бусад жишээ баримт дээр тулгуурлан, Япон менежментээс суралцан Монгол маягийн менежментийг хөгжүүлэх талаар санал бодлоо илэн далангуй хуваалцсан юм.

Манай төвийн сургалтууд жилд 1 удаа зохион байгуулагддаг ба дараагийн суурь мэдлэгийн сургалт “Стратегийн менежмент” сэдвээр 9 сарын 22-ны Бямба гарагт зохион байгуулагдана. Та бүхэн тус сургалтад хамрагдахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.