Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 10.00 цагаас Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ ю Лин, Вон Жан Лун нарт холбогдох шүүх хурал эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас хойшиллоо. Учир нь хуралд улсын яллагчаар оролцох М.Сүхчулуун хүндэтгэх шалтгаантай хэмээн шүүх бүрэлдэхүүнд хүсэлт гаргасан байна. Бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авснаар ирэх арванхоёрдугаар сарын 10-н хүртэл хойшлуулжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан хэмээн буруутган шүүх юм. Тус зүйл ангид энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ ю Лин, Вон Жан Лун нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Монгол улсад хуурамч төлбөрийн картыг оруулж ирж 2012 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хооронд хуурамч төлбөрийн картаар нийт 133 064 678 төгрөгний барааг хуурч мэхлэх аргаар худалдан авахад худалдаа үйлчилгээний төвүүдийг зааж өгөх, дагуулж явах, замчлах, хуурч мэхлэх аргаар авсан бараа бүтээгдхүүнийг нь хадгалах, хураан авах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, Худалдаа хөгжлийн банкинд 43 668 490 төгрөгний онц их хэмжээний хохирол, Голомт банкинд 83 198 228 төгрөгний онц их хэмжээний хохирол, Хаан банкинд 6 197 960 төгрөгний бага бус хэмжээний хохирлыг учруулсан байна.
Б.Чимэг