Үйл явдал
БИЗНЕСИЙН “МАРКЕТИНГ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2018-11-30 18:40

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд Япон мэргэжилтэн багш нар богино хугацаагаар томилогдон ирж танхимын болон албан байгууллагуудын ажлын байран дээр очиж сургалт зааварчилгаа өгдөг билээ.

Энэ удаа олон улсын маркетинг, лиценз, борлуулалтын удирдлага, дэлгүүрийн удирдлага, үйлдвэрийн удирдлагын чиглэлээр Японы болон гадаадын компаниудад заавар зөвлөгөө өгдөг Тамада Мицүо багш 14 хоногийн хугацаанд манай улсад томилогдон ажиллалаа.

Бизнесийн үндсэн сургалтын нийт суралцагчид маань багийн дасгал ажил, багийн хэлэлцүүлэг болон тайланд маш идэвх санаачлагатайгаар оролцож, баг тус бүр маркетингийн стратеги, төлөвлөгөө тодорхойлсноороо онцлогтой байлаа.

Танхимын сургалтаас гадна энэ жилийн “Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр”-т хамрагдаж буй “Монфүүдланд” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад “Маркетинг”-ийн ойлголт, маркетингийн стратегийн талаар сургалт, заавар зөвлөгөө өглөө.

Түүнчлэн ажлын байрны сургалтуудыг удирдан явуулсан бөгөөд “Эрдэнэбулган” ХХК-д 2 удаа очиж “Маркетинг” болон дэлгүүрийн зохион байгуулалтын талаар, “NCD group” ХХК-ийн цонх, ванны үйлдвэрт үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт, 5S-ийн сургалт орж, үйлдвэртэй биечлэн танилцан, зохион байгуулалтын талаар зааварчилгаа зөвлөгөө өгсөн ихээхэн үр дүнтэй сургалт болсон юм.

Энэ удаагийн сургалтад хамрагдсан нийт компаниудынхаа хамт олонд цаашдынх нь ажил үйлст өндөр амжилт хүсье. 
Бизнесийн үндсэн сургалт маань “Санхүүгийн удирдлага”, “Хүний нөөцийн удирдлага” сэдвүүдээр үргэлжлэх болно.

Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй бизнесийн сургалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг
www.japan-center.mn төвийн цахим хуудаснаас авна уу.