Үйл явдал
“ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР” ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАЖ БАЙНА
2018-12-13 14:27

Монгол-Японы төвийн “Загвар Аж Ахуйн Нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр”-т энэ онд 4 компани хамрагдаж байгаа билээ. Уг компаниудын нэг болох “Монфүүдланд” ХХК дээр тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн 11 сард болж, сургалт зааварчилгаа албан ёсоор эхэлсэн юм. “Монфүүдланд” ХХК  нь 2014 оноос эхлэн овьёос, бүхэл үр зэрэг үр тариа, зөгийн бал, ааруул, жимс, жимсгэнээр хүний эрүүл мэндэд тустай, амт чанартай хүнсний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхэлсэн  бөгөөд Монголд анхдагч өглөөний хоол (Granola cereal) болох Мовьёос нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Уг компани дээр Япон мэргэжилтэн багш болон Үндэсний сургагч багш нар баг болон “Хүний нөөцийн удирдлагын арга барил” сэдвээр голлон сургалт, зааварчилгаа өгч ажиллах юм. Япон мэргэжилтэн багш нарын Монголд томилогдоогүй хугацаанд нь үндэсний сургагч багш тус компани дээр очиж ажил байдалтай танилцан, заавар зөвлөгөө, ярилцлага явуулж, явц байдлыг Япон мэргэжилтэн багшид танилцуулах гэсэн циклээр үргэлжлэн явж байна.

Энэ удаад тус компанийн хүний нөөцийн тулгамдсан асуудлын талаар багш, захирал, менежер нар ярилцлага явуулж, тулгамдсан асуудлаа тодрууллаа. Дараагийн удаа Япон мэргэжилтэн багш Монголд ирэхдээ эдгээр тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр төвлөрч ажиллах юм.

“Хүний нөөцийн удирдлагын арга барил” сэдвээр голчлон сургалт зөвлөгөө орохын зэрэгцээ үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт, маркетинг зэрэг чухал хэрэгцээ шаардлагатай сургалтууд үргэлжлэн явагдах юм.