Алдарт Гамлет жүжигт ууган хүүтэйгээ тоглож буй алаг нүдэн Д.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Дэлхийн утга зохиолын агуу билэгт У. Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжигт та Офелиягийн дүрд орлон тоглогч хийж байгаа. Тэгэхээр гол дүрийн жүжигчин, орлон тоглогч хоёр хэр их ялгаатай байдаг юм бэ?
- Нэг дүр дээр ээлжилж тоглоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл дублъяр гэдэг бол орлон тоглогч хоёрдугаар дүр, нэг нь бол түрүүлсэн. Шалгаруулалтанд ороцсон 10 уран бүтээлчээс намайг ч болгомоор юм шиг, Ганчимэгийг ч болгомоор юм шиг санагдсан болоод л хоёуланг нь сонгочихсон хэрэг. Нэгдүгээр жүжигчин нь бол бүтэн сарын турш бэлтгэл, сургуулилт хийнэ. Дублъяр жүжигчинд сургуулилтын цаг бага олдоно. Гурван өдрийн нээлт байсан. Хоёр өдрийн нээлтийг Б.Ганчимэг маань нээж, нэг өдрийн нээлтийг би хийсэн. Нээлтийн өдрөөс хойш бид хоёр өдөр өдрийн тоглолтыг ээлжилж хийх эрхээ авсан. Тоглолт маш амжилттай болж байгаа. Хүмүүс их үзэж байгаа. Би маш их баяртай байгаа.
-Анх Гамлетийг тавихдаа хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж санаа зовж байсан л биз дээ?
- Бид нар анх Гамлетийг тавихдаа яаж хүнд хүргэх вэ, хүн үзэхгүй бол яах вэ гэж санаа зовж байсан. Бидний сайн уран бүтээл хийсэн нь нэгдүгээрт Н.Наранбаатар найруулагчийн цаг үеэ олж, мэдэрч шинэ цагт тохируулж тавьсан нь, хоёрдугаар С.Болд-Эрдэнэ маань сайн уран бүтээлч учраас. Тэгээд энэ цаг дор театрт ажиллаж, амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа уран бүтээлчдийн шилдэгүүд нь тоглосон учраас тодорхой хэмжээгээр хүнд хүрсэн, сайн бүтээл болж байгаа. Мөн Гамлет ер нь дандаа уран бүтээлчдийн чадвар, чансааг шалгадаг уран бүтээл. Тиймээс үүнд багтаж орсондоо баяртай байгаа.
-Таны том хүү ээжтэйгээ Гамлет жүжигт тоглож байгаа. Энэ бас үзэгчдэд маш том сюрприз болсон юм шиг ээ?
-Анх яг уншлага хийж байсан чинь найруулагч маань Гамлетийн хүүхэд насыг оруулж ирмээр байна гэсэн. Ингээд манай том хүүг гол дүрийн жүжигчин С.Болд-Эрдэнэтэй төстэй, цагаан шаргал царайтай, том нүдтэй гээд л тоглуулахаар шийдсэн. Мөн Европ талаас нь хараад оруулъя гэсэн л дээ. Би бол тухайн үед хүүгээ голоод чадахгүй ээ, үг хэлж чадахгүй шүү дээ гээд л байсан. Тэгсэн харин санасаныг бодоход миний хүү үгээ их хурдан цээжилсэн, өдөр өдрөөс үйлдлээ өөрөө нэмээд баяжуулаад л тоглож байгаа.
-Өөрөө ер нь жүжигт тоглох сонирхолтой байв уу. Ээж шиг ээ жүжигчин болъё гэж хэлдэг үү?
-Миний хүү ер нь жүжигчин болох дуртай биш. Өөрөө бол би жүжигчин болохгүй шүү гэж хэлдэг юм. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ дээ цаг хугацаа л харуулах биз. Би ч өөрөө хүүгээ жүжигчин болгох дургүй. Яахав хүүхэд насанд нь түүхэнд нэрээ үлдээнэ, бас дурсамжтай л гэж бодсон юм. Ямар ч хүн болоо билээ. Ямартай ч би жүжигт тоглож байсан гээд бичлэгээ үзүүлэхэд сайхан л биз дээ. Хүү маань өөрөө их номын хүн болох сонирхолтой. Хамгийн гол үзэгчид маань, жүжигчид арын албаныхан маань их үнэлээд байгаа. Галтай, цогтой ирээдүйн Гамлет шүү л гээд байгаа.
- Офелиягийн дүрд хувирахын тулд сэтгэцийн эмнэлгүүдээр явж бэлтгэл хийж байна гэсэн. Мэдээж дүрдээ хувирахын тулд дүрээ мэдрэх хэрэгтэй байх л даа?
-Ганц би очсон юм биш хүн болгон л очдог. Гэхдээ яахав энэ удаад бол би л очсон юм байна лээ. Бид нарт хамгийн гол нь юу нь чухал вэ гэхээр тайз бол нүд байдаг, Тэнд үнэн амьдрах ёстой учраас яг бодит амьдрал, нүд хэрэгтэй байсан. Тиймээс өөрийгөө чин сэтгэлээсээ зориулах хэрэгтэй. Б.Ганчимэг бид хоёр шалгаруулалтанд орохын тулд Уранчимэг эгчээс зөвлөгөө аваад , ажиллуулсан. Бид хоёрыг бэлтгэж өгсөн. Бид хоёр өөрсдийн хувцасаа, хүүхэлдэйнийхээ хувцасыг ч өөрсдөө оёсон. Энэ мэт бүх юманд сэтгэл зүрх гаргаж чадвал сайн сайхан болдог.
-Та өөрөө их сайхан бүсгүй. Таныг харж үлгэр дуурайлал авч явдаг охид бүсгүйчүүд олон байдаг байх. Өсвөр насны охидуудад хандаж өөрийн үгээ хүргээч?
-Яг одоо өсвөр насны охидууддаа хамгийн түрүүнд ном унш гэж хэлмээр байна. Компьютер гэхээсээ илүү ном унш. Би том хүүгээ ном уншуулж байгаа. Гамлет жүжигт тоглосонд нь бэлгэшээгээд манай найз хүүхэн яг нээлтийн тоглолтон дээр хүүд маань "Монголын уран зохиолын дээжис"-ийн эхний 3 ботийг бэлгэлсэн. Би бас их баярлаад энэ амралтаараа миний хүү эхний ботийг уншиж дуусгаарай гэж хэлсэн. Хүү маань ч уншиж байгаа. Би дөрөвдүгээр ангийн хүүхдийг өдөр, шөнөгүй ном уншуулж сургах гэж байгаа. Үүнтэй адил 18, 19 настай охид ерөөсөө л ном уншиж сурах хэрэгтэй. Номноос хүн эхлээд гэгээрлийг олж авдаг. Эхлээд дотроосоо гэгээрч, дотроосоо сайн сайхныг бодож байж гэмээнэ дараа нь гадна талдаа анхаарал тавьбал дээр байх.
-Ном хэр уншдаг хүүхэд байв?
-Үнэхээр гоё сонгодог зохиолууд уншдаг байсан. Би жоохон байхдаа Хурлийз бүсгүй гээд Майн Рэйдийн зохиол уншиж байснаа мартдаггүй юм. Дүрслэл нь ямар гоё гээч. Аврора гээд өтгөн буржгар хар үстэй, хар цагааны эрлийз, аймар гоё нүдтэй гээд л төсөөлөөд л ...Охидууд маань нэгдүгээрт ном унш, хоёрдугаарт ариун сайхан юм бодож бай. Мөн ирээдүйгээ үргэлж сайнаар төсөөлж бай. Монголчууд маань амны билгээс ашдын бэлэг гэж ярьдаг. Бид нар үр хүүхдээ өхөөрдөхдөө яасан муухай хүүхэд вэ гэхийн оронд, яасан хөөрхөн юм бэ гэж өхөөрдөх хэрэгтэй юм шиг санагддаг.
-Гоо сайхандаа мэдээж их анхаардаг байх. Ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?
- Би гоо сайхан байхын тулд өглөө бүр буцалсан ус уудаг. Хүний ходоод гэдэс сайхан байвал, нүүр гэрэлтэнэ гэдэг дээ. Тэгэхээр буцалсан ус, зөгийн балтай ус өглөө бүр уудаг. Мөн мөсөөр их нүүрээ арчилдаг. Ихэвчлэн нүүр гараа угаахдаа хүйтэн усаар угаадаг. Хүйтэн ус, мөс зэрэг нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гэж итгэдэг.
-Ер нь урлаг соёлын одууд гэлтгүй охид бүсгүйчүүд маань брэнд хөөх нь их болж. Таны хувьд?
-Би брэнд гээд туйлшраад байдаггүй. Өнөөдөр надад юу зохиж байна, юу таалагдаж байна тэрийгээ л өмсдөг. Хүн яг өөрт юу хамгийн их зохиж байна тэрийгээ л өмсөх нь чухал юм шиг. Тэгээд ер нь ихэвчлэн өмд, цамц өмсдөг байснаа хоёр дахь хүүхдээ гаргачихаад уг нь намба суумаар юм гэтэл даашинз, юбка их өмсдөг болсон. Бодвол арай эмэгтэйлэг болж байгаа юм байлгүй. Угаасаа жүжигчид ер нь бүгд л нэг юманд баригдаж, хэлбэр хөөх дургүй байдаг.
-Хайртай аав, ээжийнхээ талаар ярихгүй юу?
-Аав, ээж бол хүнд хамгийн нэгдүгээрт үлгэр дуурайлал болдог хүмүүс. Манай аав бол “хүн хүн л бай. Зөв хүн бай” гэдэг байсан. Тэгэхээр нь би дандаа л хүн бай гэх юм би одоо хүн биш юм байхдаа хоёр гартай, хоёр хөлтэй л байх юм гэж боддог байсан. Соёл урлагийн их сургуульд ороод л хамгийн анхны хичээл нь уран бүтээлч хүн хамгийн нэгдүгээрт хүн байх ёстой л гэж Лхасүрэн багш хэлдэг. Бас л хүн бол гэхийн хүн болоогүй л юм байхдаа гэж боддог байлаа. Одоо бол хүн хүн бай гэдгийг ойлгосон. Хүн хүн бай гэдгийг хүн болгон мэднэ шүү дээ. Хүн нэгдүгээрт зөв байх ёстой, бусдад муу санахгүй байх ёстой, үргэлж өөрийгөө гэрэлтүүлж, өөрийгөө зөв залж явах ёстой. Тэгээд энэ утгаараа би хүн байхын тулд бусдыг хүндэлдэг байх ёстой, хайрладаг байх ёстой. Ингэхийн тулд эхлээд тэр хүнд ухаан хэрэгтэй. Тэгвэл ухаантай хүн гэж ямар хүнийг хэлэх юм гээд л бодно. Мөн тэрнийхээ эсрэгээр тэнэг хүн гэж ямар хүн байдаг юм бол гэж бодсон. Тэгээд оюутан байхдаа, гуравдугаар курстаа тэр хариултыг олчихоод маш их баярласан. Яасан бэ гэхээр ерөөсөө л эрх чөлөөгөө хязгааргүй гэж ойлгосон нэгэн хамгийн тэнэг хүн юм байна гэж ойлгосон. Энэ үгэндээ одоо болтол их дуртай. Тэрнийхээ эсрэгээр юм болгон хэм хэмжээтэй, түүнийгээ ойлгож мэдэрсэн хүн ухаантай юм болов уу. Тийм учраас энэ ухааныг надад миний аав өгсөн гэж боддог. Ээж бол эмэгтэй хүн эр нөхрөө л дээдлэх ёстой гэсэн эрхэм чанарыг ойлгуулсан. Тиймээс миний ээж, аав хоёр бол хүнд байх ёстой хамгийн эрхэм чанаруудыг ойлгуулсан.
-СУИС-ыг 2000 онд ганцаараа улаан дипломтай төгссөн гэсэн. Оюутан насаа дурсахгүй юу?
- Г.Амгаланбаатар, н.Одонтуяа бид гурав улаан дипломтой төгссөн. Яахав би арван жилд байхаасаа л ном их уншдаг, юм юманд идэвхтэй хүүхэд байсан. Бүлгэмийн зөвлөл, пионорийн зөвлөлд их явна. Их шартай, шазруун. Ямартай ч маш их идэвхтэй хүүхэд байсан.
-Та их шартай байх?
-Шартай. Уран бүтээлч хүнд шар байх ёстой. Гэхдээ зөв шар байх хэрэгтэй. Өөрөө чадахгүй байж нулимаад яах вэ дээ. Энэ хүний дээр гарна даа гэж зүтгэх хэрэгтэй.
Д.Ундрах /24tsag.mn/