МЭДЭЭЛЭЛ
МӨСӨН ХӨРГҮҮР (ICE SHELTER) БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА.
2019-01-10 09:24

Мөсөн хөргүүр нь өвөл бэлдсэн мөсийг ашиглан бүтэн жилийн турш зоорин доторх агаарын хэмийг 0˚C-ийн хэмд хадгалах боломжтой бөгөөд байгалийн энергийг ашиглах учраас бусад урсгал зардлыг хэмнэнэ.

Хоккайдоод байрлалтай, хүнс хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Цүчияа компани нь Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн жижиг, дунд аж ахуйн нэгжийн гадаад дахь бизнесийг дэмжих төсөлд хамрагдаж, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд 2017 онд танилцуулах семинар зохион байгуулсан билээ. Үүний дараа, Японы эдийн засаг аж үйлдвэрлэлийн яамны “Тобидасэ жапан” хөтөлбөрт хамрагдсан. 

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн бизнесийн үндсэн сургалтын төгсөгч компани “Эвридэй фарм” ХХК-тай холбоо тогтоосноор сэргээгдэх эрчим хүч болон байгальд ээлтэй үйлдвэрлэлийг эрмэлзэж буй “Эвридэй фарм” ХХК болон байгальд ээлтэй хөргөлтийн системийг санал болгож буй “Цүчияа” компаниудын зорилго нэгдсэн тул хамтын ажиллагааны хэлэлцээрт хүрч чадсан юм.

2018 оны 11 сард шаваа тавьж байсан мөсөн хөргүүр барих төслийн үйл явцтай 1 сарын 9 буюу өнөөдөр Монгол-Японы төвийн бизнесийн хамтын ажиллагааг хариуцсан мэргэжилтэн Накамура Ко, бизнесийн сургалтын тасгийн дарга нар биечлэн танилцлаа.