МЭДЭЭЛЭЛ
“ЮНИТРА” ХХК-Д АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-01-15

Монгол-Японы төвөөс байгууллагын менежмент, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор албан байгууллагын ажлын талбарт нь очиж сургалт явуулдаг билээ. Өнгөрсөн бямба гараг буюу 1 сарын 12-ны өдөр “Юнитра” ХХК-д ажлын байрны сургалт зохион явууллаа. 


“Юнитра” ХХК нь төрөл бүрийн бага оврын тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгслүүдийг импортлон “ХОНДА төв” нэрийн 4 салбар дэлгүүрээр борлуулахаас гадна, Honda, Yanmar, Panasonic, Toyota зэрэг дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн албан ёсны сертификат бүхий мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудаар баг бүрдүүлсэн “засвар үйлчилгээний төв”-өөр дамжуулан борлуулалтын дараах үйлчилгээ, угсралт суурилуулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хийх зорилт тавин ажиллаж буй компани юм.


Энэ удаагийн сургалтаар Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Ш.Алтанхуяг “5S хөдөлгөөн” гэж юу болох, хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжүүлснээр гарах үр дүнгийн талаар онолын мэдлэг олгосноос гадна сургалтын сүүлийн хагаст тус компанийн захирал болон нийт ажилтнуудын хамтаар ажлын байрны цэвэрлэгээ, хэрэгтэй хэрэггүй зүйлсийн ангилалт хийлээ. Нэг удаагийн сургалт ороод 5S хөдөлгөөн хэрэгжлээ гэсэн үг биш бөгөөд цаашдаа компанийн ажилтан нэг бүрийн хичээл зүтгэл, тасралтгүй сайжруулалт хийх сэтгэлгээ маш чухал юм. Тиймээс “Юнитра” ХХК-ийн хамт олондоо цаашдаа өдөр өдөр, бага багаар тасралтгүй 5S хөдөлгөөнөө хэрэгжүүлж, ажлын бүтээмжээ улам сайжруулахад нь амжилт хүсье.

Та ажлын байран дээрээ сургалт авахыг хүсвэл 11-310879/3/ дугаараар холбоо барина уу.