Үйл явдал
“FOODEX JAPAN 2019” БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2019-03-12

Азийн хамгийн том олон улсын хоол хүнс, сав баглаа боодлын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн үзэсгэлэн болох “FOODEX JAPAN 2019” энэ сарын 5-8-ны хооронд явагдаж өндөрлөлөө. 1976 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн уг үзэсгэлэн энэ жил 44 дэх удаагаа Япон улсын Чиба мужийн Макүхари Мэссэ үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлөн Монгол-Японы төвийн бизнесийн сургалтын төгсөгч компани болох “Хаан жимс SBT” ХХК, “Монос хүнс” ХХК, “Фалько экологи” ХХК, “Цэс хайрхан” ХХК оролцсон бөгөөд Монгол-Японы төв тус компаниудыг дэмжин ажиллалаа.

“FOODEX JAPAN 2019” үзэсгэлэнд дэлхийн 88 орны 3316 компанийн 4554 павилон оролцлоо. 4 өдрийн турш нийт 80426 хүн тус үзэсгэлэнгээр зочилж, орон орны шинэ бүтээгдэхүүн амталж, бизнесийн яриа хэлэлцээр хийсэн байна. Монголын павилоны хувьд 1 өдөрт 1200 орчим хүнд бүтээгдэхүүний амталгаа хийлгэн, танилцуулгаа тараасан үзүүлэлт гараад байна.

Гадаадын бусад орнуудын хувьд дан компаниараа павилон гаргаж буй орнууд байхын зэрэгцээ улс орноороо нэгдсэн павилон гаргасан байсан нь үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүс, худалдан авагч, бизнес эрхлэгчдийн анхаарлыг илүү татаж байв.

Манай орноос оролцсон компаниудын ихэнх нь анх удаа оролцож буй компаниуд байсан ба өөрийн компанийн бүтээгдэхүүнээ сурталчлахын зэрэгцээ Монгол эх орноо танилцуулах, зөв ойлголтыг өгөхөд анхааран ажилласан юм. Үзэсгэлэнгийн турш олон тооны бизнес эрхлэгчидтэй нэрийн хуудас солилцож, цаашлаад бизнесийн яриа хэлэлцээр хийхээр тохиролцсон үр дүн гараад байна.

“FOODEX JAPAN 2020” үзэсгэлэн ирэх оны 3 сарын 10-13-ы өдрүүдэд Япон улсад зохион байгуулагдана.