Үйл явдал
“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА” АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-04-12 11:33

Монгол-Японы төвийн “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА” бизнесийн ахисан түвшний сургалт 4 дүгээр сарын 1-ээс 5-ны өдрүүдэд  амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү сургалт нь үйлдвэрлэлийн удирдлагын талаарх ерөнхий ойлголт, чанарын удирдлага, Япон маягийн менежмент болон 5S-ийн талаар ойлголттой болж, өөрийн компанидаа хэрэгжүүлж чадахуйц мэдлэгтэй болохыг хүссэн хүн бүрт зориулан онол дадлагыг хослуулан явагдсан юм.

Уг сургалтыг голлон заасан Масүда Казүми багш нь Панасоник корпорацийн үйлдвэрлэлийн салбарт  олон жил ажилласан үйлдвэрлэлийн арвин туршлагатай хүн бөгөөд Монгол улсад 5 дахь жилдээ ирж “Үйлдвэрлэлийн удирдлага” сэдвээр ахисан түвшний сургалт болон ажлын байрны сургалтыг удирдан явууллаа. Жил ирэх тусам Масүда багшаар хичээл заалгах хүсэлтэй үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо нэмэгдсээр байна.

Сургалтын орчуулагчаар ажилласан Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш,  “HQT” ХХК-ийн захирал Ш.Алтанхуяг сургалтын нэг хэсгийг удирдан явуулсан бөгөөд үйлдвэрлэлийн салбарын мэдлэг туршлага болон орчуулагчийн ур чадвар, суралцагчдаа хичээлд татан оролцуулах чадвар зэргээрээ суралцагчдаас өндөр үнэлгээ авсан юм.

Сургалтын сүүлийн өдөр дотоодын компанийн жишээ танилцуулга болгож “Моншибасаки” ХХК-ийн захирал Д.Долгормаа компанийхаа туршлагаас хуваалцсан нь сургалтын нэгэн онцлог болсон юм. Дотооддоо үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй өөрийн компанийн дотоод бүтэц зохион байгуулалт, тогтолцоо, сайжруулалт, 5S-ийн хэрэгжүүлэлт, үр дүнгийн талаарх мэдээллийг хуваалцлаа.

Практик дээр тулгуурлан мэдлэг олгох зорилгоор “Шилэн хийц” шил боловсруулах үйлдвэртэй танилцах дадлага хийлээ. Шилэн хийц ХХК нь 2002 оноос эхлэн шил боловсруулах үйлдвэрлэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд шинэ тоног төхөөрөмж, шинэ технологийг үйлдвэрлэлд байнга нэвтрүүлж ирснээрээ өдгөө зах зээлийн 50% орчмыг чанартай шил шилэн бүтээгдэхүүнээр хангагч, тэргүүлэгч үйлдвэр болоод байна. Дадлагын үеэр үйлдвэр, үйлдвэрийн орчин, дотоод болон гадаад талбайн зохион байгуулалтын сайжруулалт, цэвэр цэмцгэр байдал, аюулгүй ажиллагааг өндөр түвшинд хангасан байдал зэргийг тухайн газар дээр нь тодорхой тайлбартайгаар сонсож харж чадсан ба суралцах зүйл их байлаа.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчдаа сурч мэдсэн зүйлээ ажил дээрээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.