АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 24 настай Ч.Баттуулын хэрэг Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байсан. Түүний хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор АНУ-аас нэмж тодруулах зүйл байгаа учраас Америкаас тодруулга авахаар даалгавар бичиж явуулаад байсан. Харин уг даалгаварт АНУ-аас хариу ирүүлсэн учраас шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон гэж байсан. Гэвч хэргийг хянаж үзэхэд нэмж тодруулах зүйлс гарсан учраас хэргийг УМБГ-т буцаасан байна. Ингэснээр түүний хэрэг дахин УМБГ-т шалгагдахаар болжээ.
Хэргийг сануулбал, тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд талийгаач Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан байсныг хоёр сарын дараа манай хууль хяналтынхан уг хэргийг илрүүлж, сэжигтэн этгээд Ч.Баттуулыг цагдан хорьж байсан билээ.
Түүнтэй хамт түүний найз залуу, ахыг нь хамт хорьсон ч холбогдолгүй хэмээн сулласан. Харин түүний дотны хоёр найзыг саатуулсан юм. Тэд “Найз маань хүн алчихлаа. Туслаач гээд гуйгаад байхаар нь цогцсыг зөөлцсөн” хэмээн мэдүүлж байсан билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)