МЭДЭЭЛЭЛ
“5S-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-05-09 14:45

Энэ сарын 4-ний өдөр япон маягийн менежментийн үндэс, компанийн үйл ажиллагааны алдагдлыг арилгаж, сайжруулалтын үндэс суурийг тавигч 5S-ийн тухай ойлголтыг богино хугацаанд олгох зорилготой “5S-ийг хэрэгжүүлэх нь” сэдэвт суурь мэдлэгийн сургалт амжилттай болж өнгөрлөө.

Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, Монголын  60 гаруй аж ахуйн нэгжид тус чиглэлээр зөвлөгөө өгч байсан арвин туршлагатай Ш. Алтанхуяг багш удирдан явуулсан юм.

5S-ийг хэрэгжүүлснээр ажлын байран дээр эмх цэгц тогтож, дутагдалтай тал ил болж, цагийн алдагдал багасч, цаашлаад ажлын бүтээмж дээшилдэг.

Тус сургалт нь практикт суурилдгаараа бусад сургалтуудаас давуу талтай бөгөөд япон компанийн 5S-ийг амжилттай хэрэгжүүлсэн бодит жишээг тайлбарлахаас гадна багш өөрийн туршлага, хэвшүүлэх арга барилын талаар заавар зөвлөгөө өгсөн юм. Мөн суралцагчдыг багт хуваарилан Монгол-Японы төвд Сэйри /ангилан ялгах /, Сэйсоо /цэвэрлэгээ/, Сэйтон  /эмх цэгц / хөдөлгөөнийг өрнүүлж суралцагчдад 5S-ийн бодит үр дүнг танилцуулав. Сургалтын дараах анкетаар 5S-ийг мэддэг боловч хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй байсан, тус сургалтаар мэдэж авлаа, цаашид 5S-ийг ажлын байр болоод амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлэх болно гэсэн сэтгэгдэл их байсан нь тус сургалтын эрэлт их байсныг харуулж байна.

Мөн 5S-ийг хэрэгжүүлэхээс гадна япон компанийн үйл ажиллагааны үндэс болсон PDCA цикл, 5 удаа яагаад шинжилгээ, Хоо-Рэн-Соо-ийн талаар  бодит жишээн дээр тулгуурлан заавар зөвлөгөөг өгсөн.

Сургалтад идэвхтэй хамрагдсан нийт суралцагчдынхаа цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье. Мөн манай төвд хийж өгсөн та бүхний  Сэйри /ангилан ялгах /, Сэйсоо /цэвэрлэгээ/, Сэйтон  /эмх цэгц /-ийг цаашдаа улам сайжруулан хэвшүүлэх болно. Ингээд Алтанхуяг багшийн хэлсэн “5S-ийг хэрэгжүүлэх амархан харин хэвшүүлэх хэцүү” гэсэнчлэн “5S-ийг хэрэгжүүлэх биш хэвшүүлцгээе” гэсэн уриагаар тус нийтлэлээ өндөрлөе.