МЭДЭЭЛЭЛ
JLPT, J-TEST, NAT-TEST ЯЛГАА БОЛОН АНХААРАХ ЗҮЙЛС
2019-05-28 13:00

Сүүлийн жилүүдэд япон хэл сонирхон судалж буй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор шалгалт өгөгчдийн тоо ч нэмэгдэж байна. Мөн түвшин тогтоох шалгалтуудын ялгаа болон онцлогийн талаар асуусан хүмүүс ч их болсон учраас өнөөдрийн мэдээгээрээ та бүхэндээ япон хэлний түвшин тогтоох шалгалтуудын тухай, тэдгээрийн ялгаа, шалгалт өгөхөд анхаарах зүйлсийн талаар багахан ч болов танилцуулахаар шийдлээ.

1. JLPT

N5-N1 хүртэл түвшинтэй. N5 түвшин буюу хамгийн анхан шатны шалгалт өгөхөд та ойролцоогоор 200 орчим цагийн сургалтад суусан байх шаардлагатай. 

  • Шалгалтын хугацаа: 7-р сар, 12-р сар /2019 оноос эхлэн жилд 2 удаа явагддаг болсон/ 
  • Бүртгэлийн хугацаа: 7-р сарын шалгалтын бүртгэл 4-р сарын эхний 7 хоногт, 12-р сарын шалгалтын бүртгэл 9-р сарын эхний 7 хоногт /Шалгалтаас 3 сарын өмнө бүртгэл явагддаг учир шалгалт өгөхөөр зорьж байгаа бол бүртгэлийн хугацаанаас хоцрохгүй байхыг хүсье/
  • Зохион байгуулагч: Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
  • Дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хуудаснаас авна уу.
    https://www.jlpt.jp/e/

Дашрамд хэлэхэд Монгол-Японы төвөөс JLPT шалгалтын жишиг шалгалтыг зохион байгуулдаг бөгөөд 6-р сарын 10-25-ны хооронд N5-N1 жишиг шалгалт явуулахаар төлөвлөж байна.
Шалгалтын төлбөр: 12000₮

2. J.Test

Түвшингийн хувьд JLPT шалгалтаас ялгаатай. Япон хэлний бодит чадварыг шалгадаг шалгалт юм. 

  • Шалгалтын хугацаа: Жилд 6 удаа бөгөөд сондгой тоотой саруудад зохин байгуулагддаг. 
  • Бүртгэлийн хугацаа: Шалгалт бүрийн өмнөх сард /Дэлгэрэнгүй мэдээллийг J-test Mongolia Good Luck хаягаас авна уу/
  • F-G түвшин:Япон хэлийг 150 цаг үзсэн хүмүүст зориулсан
  • D–Е түвшин:Япон хэлийг 300 цагаас дээш цаг үзсэн хүмүүст зориулсан
  • A-C түвшин:Япон хэлийг 500 цагаас дээш цаг үзсэн хүмүүс болон Бизнесийн харилцан ярианы ур чадвар ба тухайн үндсэн мэдлэгийг тогтоох шалгалт.
  • Зохион байгуулагч: Монгол дахь J.TEST алба.
    http://mon.jtest.mn/

3. Nat-test

5Q-1Q гэсэн түвшинтэй. JLPT шалгалттай ойролцоо гэж хэлж болно. 

  • Шалгалтын хугацаа: Жилд 6 удаа бөгөөд тэгш тоотой саруудад зохин байгуулагддаг. 
  • Бүртгэлийн хугацаа: Шалгалт бүрийн өмнөх сард 
  • Зохион байгуулагч: NAT Тест Монгол
    http://ulaanbaatar-nattest.aikgroup.net/

4. Шалгалт өгөхөд анхаарах зүйл

4.1. Бүртгүүлэх
Шалгалт тус бүрийн бүртгэлийн хугацааг нягтлан аль болох эртхэн бүртгүүлэх. Бүртгэлийн сүүлийн өдөр бүртгүүлэх хүмүүс эрс ихэсдэг учир бүртгэлийн цагаас хоцрох тохиолдол байдаг.
Бүртгүүлэхдээ бичиг баримт /иргэний үнэмлэх, гадаад паспорт/ , бүртгэлийн хураамж авч очих.
4.2. Шалгалтын өдөр
Шалгалтын өдөр болохоос өмнө, шалгалтын байраа нягтлах. 
Бүртгэлийн дугаараар хаана шалгалт өгөхөө шалгаарай. Шалгалтын өдөр аль болох эртхэн шалгалтын байранд ирэх. Иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудсаа мартав аа.
4.3. Хувийн бэлтгэл
Мэдээж харандаа баллуураа бэлдэх. Шалгалтын зохион байгуулах комиссоос харандаа баллуур бэлдэх ч, өөрийн бичиж дассан харандаагаар шалгалт өгөх нь цаг хугацааг бага ч гэсэн хэмнэх болов уу. Мөн аль болох үзүүрлэдэг харандаа хэрэглээрэй. 0.5-ын харандаа нь зөв хариултаа будах явцад хугараад байдаг талтай. Тийм учраас цаг хугацаа их зарцуулж магадгүй. 
4.4. Хариултын хуудас бөглөх заавар
Ялангуяа анх удаа шалгалт өгөх хүмүүс мэдэхгүйгээсээ болоод хариултын хуудсаа буруу бөглөөд байдаг. 
Хүмүүсийн хамгийн их алдаа гаргадаг хэсэг нь нэрээ бичих. Бичмэл том фонт юм уу, жижиг үсгээр бичээд байдаг. Овог нэрээ бичихдээ латин үсгийн дармал том фонтоор бичээрэй. 
4.5. Дасгалын заавар
Шалгалт өгөхөөсөө өмнө тухайн шалгалтын жишиг даалгавруудыг ядаж нэг удаа хийж үзэх. Шалгалтын дундуур заавраа ойлгохгүй, яаж зөв хариултаа олохоо мэдэхгүй байна гэсэн хүмүүс их байдаг. Энэ нь шалгалтын цагаас маш их хороодог бөгөөд дараа дараагийн дасгалуудаа хийх цаггүй болгочихдог. Мөн цагтаа амжихгүй тохиолдол ч их байдаг. Жишиг даалгавар хийх үедээ цагаа хэрхэн хуваарилахаа мэдээд авчих хэрэгтэй.

Амжилт хүсье.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл шалгалт тус бүрийн цахим хуудас руу зочлоорой.