Үйл явдал
“KPI БА ЧАДАМЖИЙН УДИРДЛАГА” БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-05-29

5 дугаар сарын 6-аас 10-ны өдрүүдэд Монгол-Японы төвийн бизнесийн ахисан түвшний “KPI ба Чадамжийн удирдлага” сургалт зохион байгуулагдсан юм. Онолын хичээлээс гадна олон төрлийн кейс дасгал ажиллаж, KPI-г амжилттай хэрэгжүүлж байгаа “АПУ” ХК-ийн бодит жишээнээс суралцсан үр дүнтэй сургалт боллоо. Уг сургалт нь сүүлийн жилүүдэд Монголын дунд болон томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлж буй  байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын ерөнхий бүтэц болох KPI-ийн удирдлагын талаар суралцаж, KPI-д суурилсан хүний нөөцийн үнэлгээ, цалин урамшууллын системийг өөрийн компанидаа хэрхэн амжилттай нэвтрүүлэх аргачлалыг эзэмшүүлэх зорилготой сургалт юм.

Монголын аж ахуйн нэгжүүдэд 17 жилийн турш зөвлөгөө өгч ирсэн Кавагүчи Шиничиро багш манай улсад 10 хоногийн хугацаатай томилогдон ажиллалаа. Энэ хугацаандаа танхимын сургалтаас гадна загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр болон ажлын байран дээрх сургалтуудыг удирдан явууллаа.

Мөн сургалтын явцад багшийн зүгээс суралцагчдаас ирсэн хүсэлтийн дагуу банк, эмнэлэг, ТББ, ресторан дээр хэрэгжүүлсэн KPI-н жишээ зэрэг нэмэлт материалуудыг бэлдэж өгсөн билээ.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурч мэдсэн зүйлээ цаашдын ажил үйлстээ хэрэгжүүлж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Монгол-Японы төвийн бизнесийн ахисан түвшний сургалтууд цаашид үргэлжлэн явагдах бөгөөд дараагийн сургалт “Тоёота үйлдвэрлэлийн систем” (2019.06.03-07) , “Экселээр бизнесийн шинжилгээ хийх нь” (2019.06.03-07) сэдвүүдээр зохион байгуулагдана.