Үйл явдал
“САНХҮҮЖИЛТ БА БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ” БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2019-05-30 15:46

 5 сарын 20-оос 24-ний өдрүүдэд жижиг дунд аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Санхүүжилт ба бизнес төлөвлөгөө” бизнесийн ахисан түвшний сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү сэдэв нь манай төвийн эрэлттэй сэдвүүдийн нэг бөгөөд хичээлийг санхүүжилт, бизнес төлөвлөгөөний талаар арвин мэдлэгтэй Адэгава Хиронобү багш удирдан явуулсан юм.

 Адэгава Хиронобү багш нь Японы аж үйлдвэрийн банк (одоогийн Мизүхо банк)-нд компанийн санхүүжилт, төслийн санхүүжилт , хөрөнгө оруулалтын банкны ажлыг хариуцан ажиллаж байсан. Өнөөг хүртэл дэлхийн 50 орчим оронд санхүүгийн зөвлөх үйлчилгээ, консалтингийн зөвлөгөө өгч ирсэн. Мөн ЖАЙКА-ийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээл (JICA-TSL), Монгол улсын РРР чадавхийг бэхжүүлэх төсөл, Монгол улсын хөрөнгө оруулалтын орчны судалгаа, Монгол улсын ашигт малтмалын салбарын хүний нөөцийн хөгжлийн төсөлд ЖАЙКА талын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

 Уг сургалтаар Монголын санхүүжилтийн бүтэц болон хэрхэн үр дүнтэй бизнес төлөвлөгөө гаргах талаар онолын мэдлэгээс гадна, практик дасгал ажлаар дамжуулан бизнес төлөвлөгөө боловсруулж түүнийгээ хэлэлцээд зогсохгүй өөрсдөө банк, хөрөнгө оруулагчын талаас харах боломжийг олгосноороо давуу талтай болж чадлаа. Үүнээс гадна ЖАЙКА-ийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээл (JICA-TSL)-ийн мэдээллийг хүргэсэн нь суралцагчдад хэрэгцээтэй мэдлэг болсон гэдэгт итгэлтэй байна.

 Сургалтын дараах санал асуулгаар суралцагчид багшийн заах аргад сэтгэл хангалуун байсан бөгөөд үр дүнтэй сургалт болж чадсан гэсэн өндөр үнэлгээ авсан юм.

 Сургалтад маань идэвхитэй оролцсон суралцагсдадаа сургалтаас олж мэдсэн зүйлсээ цаашдын бизнестээ хэрэгжүүлэн амжилт гаргахыг хүсэн ерөөе.

 Бизнесийн ахисан түвшний сургалт маань сүүлийн үеийн цахим бизнесийн чиг хандлагаас суралцах "ЦАХИМ БИЗНЕС" сургалтаар  (2019.06.17-21) үргэлжилнэ.