МЭДЭЭЛЭЛ
ЯПОНЫ ЦЭЦЭГ АМИЛУУЛАХ УРЛАГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА.
2019-06-06 12:08

Монгол-Японы төв нь 5 сарын 28,29-ний өдөр “Япон соёлын 7 хоног”-ийн хүрээнд японы “Цэцэг амилуулах урлаг”-ийг танилцуулах сургалтыг 3 удаа явууллаа. Сургалтыг Японы хуучин нийслэл Киото хотод цэцэг амилуулах урлагийн багш Сакай Шоохо ирж заасан билээ. 

 

Сургалт багшийн лекцээр эхэлсэн ба цэцгийн урлагийн түүх болон цэцэгтэй хэрхэн харьцах талаар ярьсан. Энэхүү лекцийнхээ үеэр “Таны амилуулсан цэцэг гэдэг бол таныг илэрхийлэх зүйл болдог. Яг л сүүдэр шиг. Хүний сүүдэр тухайн хүнийг ямар нэгэн өөрчлөлтгүйгээр тэр чигээр нь харуулдаг. Түүнтэй адил Амилуулсан цэцэг ч цэцэг, амилуулсан хүн нь ч цэцэг, цэцгийн хайч ч цэцэг, цэцгийн суурь ч цэцэг.” гэж хэлсэн юм.

Лекцийнхээ дараа 3 төрлийн цэцэг амилуулж үзүүллээ.

 

Цэцэг амилуулах олон төрөл, хэлбэр байдаг ч энэ удаагийн сургалтаар оролцогчид өөрсдийн хүссэн хэлбэрээр багшийн бэлдсэн сугалааг сугалан таарсан цэцгээрээ чөлөөт хэлбэрээр өөрсдөө цэцгээ амилууллаа.

 

30 мин орчим оролцогчид маань өөрсдөө цэцгээ амилуулж, багшаар засуулан авсан юм. Энэ үед багш маань хүн нэг бүрчлэн “Аль хэсэг нь урд тал нь вэ?”, “Хамгийн гол цэцэг тань аль нь вэ?”, “Юуг илэрхийлж энэ зохиомжийг хийсэн бэ?” гэх мэт асуултыг асуун оролцогчийн хариултыг сонсон тухайн хариултад нь тааруулан засаж өгч байсан юм аа.

 

Манай төвд цэцэг амилуулах урлагийн талаар сургалт, лекц болдог уу гэх асуулт, хүсэлтүүд нэлээд ирдэг тул “Япон соёлын 7 хоног”-т хичээл болгон оруулсан бөгөөд хэдий богино хугацаанд болсон ч гэсэн цэцэг сонирхогчид, япон соёл сонирхогчдод маань хэрэгтэй, үр шимтэй сургалт болсон гэдэгт итгэлтэй байна аа.

Мөн алс холын Япон орноос Монголд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Сакай Шоохо багшдаа болон идэвхтэй оролцсон оролцогчдодоо баярлалаа.