МЭДЭЭЛЭЛ
5S-ИЙН ТАЛААР ТА НАР ЮУ ГЭЖ БОДДОГ ВЭ?
2019-06-11 15:47

Япон маягийн бизнесээс 5S-ийн талаарх ойлголтыг салгах аргагүй юм. 5S-ийг амжилттай хэрэгжүүлж чадвал тухайн компани, аж ахуй нэгж байгууллагууд илүү амжилтад хүрдэг гэдэг.

Тэгвэл 5S гэж яг юу вэ? Зөвхөн ажлын байран дээр л хэрэглэдэг зүйл үү? гэсэн асуулт гарч ирж магадгүй. Өнөөдрийн нийтлэлээрээ 5S-ийн талаар товчхон танилцуулъя.

5S гэдэг үгийн товчлол, товч танилцуулга

  • 1 S せいり сэири
    Ангилж ялгах. Хэрэгтэй болон хэрэггүй зүйлийг ангилж хэрэггүй зүйлээ зоригтойгоор хаях. Цөөн эд зүйлс нь хянахад амар болдог.
  • 2S せいとん сэитон
    Цэгцлэх. Хэрэгтэй гэж авч үлдсэн зүйлсээ шууд авч хэрэглэхэд амар байх үүднээс тогтсон газар зааж өгөх. Авч ашигласан бол буцаагаад зөвхөн тэр байранд нь тавих.
  • 3S せいそう сэисо
    Цэвэрлэх. Цэвэрлэх гэхээр чийгтэй цэвэрлэгээ хийж, арчиж угаах үйлдэл төсөөлөгдөж байгаа биз дээ. Тэгвэл яагаад 5S-д цэвэрлэгээ чухал байдаг вэ? Цэвэрлэгээ хийж явахдаа байрнаасаа хөдөлсөн эд зүйлсийг буцааж байранд нь зэргээр зөвхөн тоос шороог нь цэвэрлээд өнгөрдөггүй тул цэвэрлэгээ нь ч мөн 5S-ийн салшгүй нэг хэсэг болдог.
  • 4S せいけつ сэикэцү
    Цэвэр цэгцтэй байдлыг хадгалах. Эмхэлж цэгцэлсэн эд зүйлсээ тэр хэвээр нь цэгцтэй авч үлдэх нь маш чухал.
  • 5S しつけ шицүкэ
    Дадал зуршил. Дээрх 4S-ээ цаг ямагт баримталж, өөртөө дадал зуршил үүсгэх.

Зөвхөн ажлын байранд л хэрэгжүүлэх үү?

Үгүй ээ. Та өөрийн ажлын байр болон гэртээ ч хэрэгжүүлэх боломжтой. Сүүлийн үед хамгийн борлуулалттай номын нэг болоод байгаа Кондо Мариэгийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” гэдэг номыг санаж байна уу? Тэр номонд айл өрхөд хэрэгжүүлж болох 5S-ийн талаар бичсэн байдаг.

5S-ийг ажлын байр болон гэртээ хэрэгжүүснээр гарах үр дүн

5S-г нэвтрүүлснээр ажиллах, амьдрах орчны байдал нүдэнд ил харагдах болж асуудалтай тал нь шууд нүдэнд тусдаг болно. Асуудалтай талаа олж илрүүлж арилгаснаар тайван, ая тухтай, ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ. Ажиллах амьдрах таатай нөхцөл бүрдсэнээр ажлын бүтээмж нэмэгдэж, ажлын байран дээрх болон гэр бүлийн уур амьсгал сайжирна.

5S нь маш том шинжлэх ухаан болтлоо хөгжсөн учраас бүгдийг нь танилцуулах боломжгүй юм. Товчхон л танилцууллаа.

5S-ийг хэрэгжүүлэх амархан санагдаж байна уу? Тэгвэл яг одоо өөрийн гэр орон болон ажлын байран дээр хэрэгжүүлээд үзээрэй. 5S-ийг эхлүүлэх амархан үргэлжлүүлэх хэцүү гэсэн шүү. Шантралгүй үргэлжлүүлээрэй. Амжилт хүсье.