МЭДЭЭЛЭЛ
ТӨГСӨГЧДИЙН ДУУ ХООЛОЙ
2019-07-19 11:10

Монгол-Японы төвийн Бизнесийн үндсэн сургалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан төгсөгчдийнхөө дуу хоолойг та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Казак үндэсний гар урлалыг бизнес болгон хөгжүүлж, үндэсний ур уламжлалаа үргэлжлүүлэн яваа 16 дахь төгсөлтийн төлөөлөл, “Асылмура” ХХК-ийн захирал А.Гүлмайратай товч ярилцлаа.

Анх яагаад “Асылмура” ХХК-ийг байгуулах болсон бэ? Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгөөч.

Анх ямар нэгэн зорилготойгоор компаниа байгуулаагүй. Ямар ч байсан ажилтай байх хэрэгтэй, ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэсэн үүднээс л хийж эхэлсэн. Ямар нэг юм хийхгүй бол тайван суудаггүй хүн байдаг даа. Анх хувь хүнээс зээл аваад урдаас тоног төхөөрөмж, материал оруулж ирээд үйлдвэрлэлээ эхлүүлж байлаа.

Үйлдвэрээ байгуулахаас өмнө Улаанбаатарт оюутан байхдаа Баян-Өлгийн хуучин хатгамалтай аравчийг жуулчдад борлуулж сургалтын төлбөрөө төлдөг байлаа. Сургуулиа төгссөний дараа хуучирсан аравчнууд зөндөө үлдсэн байсан л даа. Тэрийгээ угааж янзлаад, энгийн цахилгаангүй цүнх хийгээд зарж үзсэн юм. Тэр цүнх маань маш сайн зарагдсан болохоор 2 жил орчим үргэлжлүүлэн хийсэн. 2 жил орчим үргэлжлүүлэн хийж үзээд, ер нь шинийг яагаад хийж болохгүй гэж гэсэн санаа орж ирсэн. 2008 оноос эхлээд шинэ цүнхнүүдээ хийж эхэлсэн. Тухайн үед хуучин бүтээгдэхүүн их байсан болохоор шинэ цүнхийг маань дэлгүүрүүд нэг их тоохгүй байсан л даа. Ганц хоёроор нь  энд тэнд гуйж тавьж байгаад 2010 оны эхээр Их дэлгүүрт тавих зөвшөөрөл авсан. Эндээс л эхэлсэн дээ. Анхандаа хатгамлаас бусдыг нь би өөрөө бүгдийг хийдэг байсан. Аав, ээж маань Баян-Өлгийд амьдардаг учраас хатгамлын хээгээ зурж буулгаад явуулчихна, тэнд хатгамал хийдэг хүмүүстэй байсан болохоор хатгамлаа хийгээд хот руу явуулдаг байсан. Тэр хатгамлаа оёх, дэлгүүрүүдэд тараах ажлуудаа би өөрөө хийдэг байсан.

Өдийг хүртэл зөндөө олон асуудлууд байсан ч явж ирсэн замаа эргээд харахад би ажилчдынхаа цалинг заавал хугацаанд нь өгдөг байсан. Манай гэрт мөнгө байхгүй байна уу, талх байхгүй байна уу гэдэг нь надад ердөө хамаагүй, бүх ажилчдадаа өөрийн сүүлийн мөнгөө хамаад цалинг нь тавьдаг байсан. Тэрний ачаар ажилчдаа алдахгүй өдийг хүрсэн байх гэж боддог.

Монгол-Японы төвтэй хэрхэн холбогдсон бэ? Бизнесийн сургалтад хамрагдах болсон шалтгаан болон суралцаж төгссөн сэтгэгдлээ хуваалцвал?

3 жилийн өмнө зээл хайж яваад нэгэн байгууллагатай танилцсан юм. Швейцарийн агентлаг байсан. Тэр байгууллага, зээл гэхээсээ илүү та нар сургалтад суугаад үзээч, жижиг ч гэсэн бизнес төлөвлөгөө боловсруулаад үзээч, бизнес төлөвлөгөөгөө хийсний чинь дараа зээл өгөх талаар бодож үзье гэсэн санал тавьсан. Тэр сургалтад би өөрөө суух боломжгүй байгаад манай гэр бүлийн хүн суусан юм. Нэг гэрийн 2 хамт ажил хийхэд үзэл бодол, санал зөрөх гэх мэт асуудлууд их тулгардаг. Тэгээд тэр байгууллагын сургалтад манай гэр бүлийн хүн суугаад нэлээд өөрчлөгдөөд ирлээ шүү. Тэр нь миний сонирхлыг татаад, нөгөө байгууллагаас ч бас заавал сургалтад суух ёстой гэсэн шаардлага тавьсан. Бид 2 хамт санхүүгийн чиглэлийн сургалтад суугаад нэлээд их зүйл сураад төгссөн л дөө.

Тэгэхэд хамт сургалтад сууж байсан хүн маань Монгол-Японы төвийн сургалтыг санал болгосон юм.  Тэгээд л жилийн өмнөөс танай сургалтын талаар утсаар мэдээлэл аваад, 8 сард бүртгүүлээд энэ сургалтад суух боломжтой болсон доо. Швейцарийн сургалтын байгууллага, Монгол-Японы төвийн сургалтын агуулга ерөнхийдөө ижил, гэхдээ арга барил нь өөр. Монгол-Японы төв бол юмыг маш олон талаас нь заадаг, өөрийгөө олоход их тусалсан. Ер нь захирлууд өдөр тутамдаа их стресстэй байдаг, би хаана яваад байна гэж өөрөөсөө их асуудаг байсан, нэг л харанхуйд яваад байгаа юм шиг санагддаг байлаа. Тэгээд өнгөрсөн жилээс Монгол-Японы төвийн бизнесийн үндсэн сургалтад хамрагдаж эхлээд  би ганцаараа биш юм байна, надаас гадна энэ олон хүн дор дороо бизнесээ хөгжүүлье, бүтээе гэж зорьж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн. Сургалтдаа суух бүртээ миний стресс багасаад, тайвшрал олоод байсан. Сургалтаа төгссөний дараа Япон дахь дадлага сургалтад тэнцсэн гэсэн мэдээ дуулсан өдөр надад маш сайхан байсан. Яагаад гэвэл би өөрийгөө хүлээн зөвшөөрч эхэлсэн. Ажиллаж байх явцад “Би юуг буруу хийв?”, “Яагаад болохгүй байна?”  гэж өөрөөсөө байнга асуудаг байсан. Ийм байсан би энэ бүхнээс ямар ч байсан буруу яваагүй юм байна гэдгээ мэдэж аваад, өөртөө итгэлтэй болоод, бүтээмжээ удирдаж эхлэх болсон. Сурна гэдэг их сайхан зүйл, тэгэхдээ зөв хүмүүсээр чиглүүлүүлж, төөрөхгүйгээр сурна гэдэг бас их чухал. Япон дахь дадлага сургалтад хамрагдсанаар өөрийгөө л олсон гэж бодож байгаа, миний асуудал надад л байгаа болохоос биш өөр газраас асуудлын гаргалгаагаа олохгүй гэдгээ мэдэж авсан. Одоо бол ирээдүйгээ их гоёор харж байгаа. Алсын хараа гэдэг зүйлд цаг хугацаа гэж байхгүй гэдгийг Японы Панасоник үйлдвэртэй танилцаж явахдаа олж харсан л даа. Миний хувьд энэ компанийг удирдаж авч явах гол мотивац болоод байгаа нь “Үхэхгүй юм” хийх хүсэл маань юм. Олон жилийн настай, хүн гаднаас ирээд харахад тайвшралыг олж хардаг, стрессгүй орчныг бүрдүүлэх гэж хичээдэг болсон.

Ангийнхныхаа талаар дурсвал? Танай ангийг ажиглаад байхад их эв нэгдэлтэй, хөгжөөнтэй анги байсан санагдаж байна. 40 компанийн захирал нэг ангид суугаад хичээл хийх ер нь ямар байдаг вэ?

Хүн хүн өөр өөр үзэл бодолтой л орж ирсэн байх. Манай ангийнхны хувьд маш сайхан анги байсан. Хүн бүрт өөр өөрийн үзэл бодол байгаад, тэрнийхээ дагуу л компаниа удирддаг юм байна гэж ойлгосон. Жишээлбэл, “Жүр Үр” ХХК-ийн Б.Мөнх-Эрдэнэ захирал их дөлгөөхөн, тайван, сурах зүйл ихтэй хүн байдаг. Бусад маань ч гэсэн өөр өөрийн гэсэн эрч хүчтэй, үнэлэмж өөр хүмүүс байсан. “Хүний нөөцийн удирдлага”-ын хичээл дээр “Хүн, хүний үнэлэмж өөр өөр байдаг, өөр өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж ярьж байсан, ингэж хүлээн зөвшөөрснөөр ажилчдаа ч гэсэн зөвөөр хардаг болсон.

Сая Япон явахдаа 17-уулаа явсан. Манай орчуулагч Үчида сан тоглоомоор “Бие томтой хүүхдүүд” гэж бид нарыг хэлдэг байсан. Яг л арван жилийн нэг ангийн хүүхдүүд шиг инээж хөөрөөд, тоглоом шоглоом хийгээд явсан.

Бизнесийн үндсэн сургалтаа төгслөө, Япон дахь дадлага сургалтад хамрагдлаа. Цаашид хийхээр төлөвлөсөн ажил их байгаа байх гэж бодож байна. Энэ талаараа хуваалцаач?

Баян-Өлгийд 10 га газарт 300 хүний ажлын байр барихаар төлөвлөж байна. Тэрийгээ яаж хурдан хугацаанд барих вэ гэж урьд нь бодож байсан л даа. Одоо бод яаж тайван, яарахгүйгээр гоё сайхан, урт настай барилга барих вэ гэж бодох болсон. Түүний тулд бэлтгэл ажлаа маш сайн, зөв хийх ёстой. Үйлдвэрийн байрнаас гадна хажуудаа цэцэрлэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан ажлын байр байх хэрэгтэй гэж харж байгаа. Цэцэрлэггүйгээр эмэгтэйчүүдийг тайван ажиллуулах боломжгүй, тийм учраас цогцоор нь барих нь хамгийн чухал. Үүний төлөө л ажиллана даа.

Японд явж байхдаа “Эмэгтэй архитекторуудын нэгдэл”-тэй зураг төсөл дээрээ хамтарч ажиллах яриа хэлэлцэл хийсэн. Цаашдаа яахыг мэдэхгүй байгаа ч, хүнийг хайрладаг, хүнийг хүндэлдэг хүмүүстэй хамтарч зураг төслөө гаргах нь нэлээд урт настай, цэвэрхэн, гоё гэхээсээ илүү хүний хэрэгцээг хангасан таатай орчныг бүрдүүлж чадна гэж бодож байна.

Таны цаг завыг нэлээд хомсолчихлоо. Хамгийн сүүлд нэг асуулт асууя гэж бодож байна. Монгол-Японы төв маань Япон менежментийг заадаг. Япон улс гэдэг бол хүн ам олонтой, олон жилийн түүхтэй компаниуд ихтэй улс. Монгол улсын хувьд хүн ам цөөтэй, нүүдэлчин соёлтой ард түмэн гэж бүгд мэдэж байгаа. Тийм болохоор Япон менежмент Монгол хөрсөнд буухгүй гэх зэрэг саналууд байдаг л даа. Таны хувьд энэ талаар юу гэж бодож байна вэ?

Би анхнаасаа тийм биш гэж боддог. Монгол менежмент, Япон менежмент ялгаатай гэж ярьдаг ч яг ямар ялгаатай вэ гэхээр харагддаггүй. Тийм учраас ялгаагүй гэж би боддог. Харин бид нар алсын хараа гэж зүйлээ буруу ойлгоод байгаа юм болов уу гэж бодож байна. Алсын хараа гэдэг үг маань өөрөө цаг хугацаагүй зүйл. Алсын хараа гэж 100 жилийг хэлнэ гэж би нэг ч номноос уншаагүй. Манай улсын хувьд улс төрийн байдлаасаа болоод алсын хараагаа 4 жилээр харж байгаа байх, гэхдээ хувь хүний алсын хараа бол үхэн үхтлээ байх байх. Харин улс орны алсын хараа 100 жилээр байх юм бол мөхчих байлгүй дээ. Японд очоод харж байхад маш эрт дээр үеэс уламжилж ирсэн зүйл их, тэр бүхнийг нь үзээд явахаар түүнийг үлдээсэн өвөг дээдсээр нь бахархмаар санагдсан. Бид харин одоо байгаа зүйлээ хайрлаж, гамнаж чадахгүй байна аа гэдэг чинь алсын хараагаа буруу ойлгосноос болоод байна уу гэж бодож байна.

Би яагаад Монгол, Япон менежмент ялгаагүй гэж харж байгаа вэ гэхээр, ямар ч хүн хүндлүүлэх хайрлуулах ёстой. 30 орчим жилийн дараа Монгол улс маань сайхан болох байх, тэр үеийн төлөө одоогийн үйлдвэрлэгч бид нар хийх зүйлээ хийж, хэлэх ёстой зүйлээ хэлэх ёстой. Үзэл бодлоо илэрхийлэх ёстой.

Сая Японд явж байхдаа Монголд нэг давуу тал байгааг олж харлаа. Бид бусдад их өндөр шаардлага тавьдаг. Би хичээж байна уу гэхээсээ илүү бусдыг хичээлгэх дуртай юм байна. Гэхдээ энэ бол өөрчилж болох зүйл. Энэ бүхнээс илүү манай ард түмэн үнэхээр өөдрөг юм байна.

Энэ бүхнийг суралцаад цаашдаа компаниа удирдан явуулахад надад их таатай байна, мэдээж хэцүү зүйл, бэрхшээл байна байх, гэхдээ тэр бүхний цаана амжилт байна гэж итгэж байна.

Цаг зав гаргаж бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.

  Ярилцсан: О.Баярмаа

   Огноо: 2018.11 сар