МЭДЭЭЛЭЛ
РАДИО ТАЙСО БУЮУ РАДИО ГИМНАСТИК
2019-10-03

“Тайсо” гэдэг нь Японоор “дасгал” гэсэн үг юм.

   Радио тайсо нь 1928 онд тухайн үеийн Японы Иргэний эрүүл мэндийн даатгалын газар “Ийм дасгал хийдэг болсноор япон хүмүүсийн бие махбод чийрэгжиж, наслалт уртсаж, идэвхтэй амьдардаг болох”-ыг хүсэн япон хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалж, сайжруулах зорилгоор энэхүү дасгалыг зохиосон билээ.

   Түүнээс хойш радио тайсо нь 89 жилийн хугацаанд олонд үнэлэгдэж ирсэн бөгөөд өнөөдөр ч олон хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалсаар байна. Энэхүү дасгалыг радиогоор дамжуулан түгээн дэлгэрүүлэх ажиллагаа явагдсанаар “Радио тайсо=радио дасгал” гэсэн нэрээр олны танил болсон.

   Радио тайсоны 3 хувилбар байдаг.

  1. 1-р Радио тайсо... 3 орчим минутад 13 төрлийн дасгал багтдаг. Бүх насныхны хялбар хийж болох түвшний дасгалууд.
  2. 2-р Радио тайсо... 3 орчим минутад 13 төрлийн дасгал багтдаг. 1-р Радио дасгалтай харьцуулбал бага зэрэг хүнд дасгалуудтай, залууд үеийнхэнд зориулсан дасгалууд.
  3. Хүн бүхний тайсо... 40 минут 30 секунд үргэлжлэх ба 8 төрлийн дасгал багтдаг. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнээс эхлээд бүх хүмүүсийн хийж болохуйц хөнгөн дасгалууд.

   Радио тайсоны зарчим бол “ХЭЗЭЭ Ч, ХААНА Ч, ХЭН Ч” хийж болох дасгал юм. Япон хүмүүс хүүхэд наснаасаа эхлээд энэхүү дасгалыг хийсээр ирсэн тул зааварлагчгүй ч гэсэн хийж чаддаг. Ялангуяа 1-р тайсо дасгал их түгээмэл бөгөөд бараг бүх япон хүн  мэддэг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ.

   Радио тайсоны үр нөлөө:

  • Биеийн уян хатан байдлыг сайжруулах
  • Цусны эргэлтийг сайжруулах
  • Тэнцвэрийн мэдрэхүйг сайжруулах
  • Бодисын солилцоог сайжруулах
  • Нурууг эгцлэх

   Радио тайсо нь насжилт, хөдөлгөөний дутагдал, биеийн тэнцвэрийн алдагдлаас үүдэлтэй бие махбодын олон янзын асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохиогдсон. Мөн хүүхдийн биеийг чийрэгжүүлэх, амьдралын зөв хэмнэлтэй болгох, улмаар барилгын талбай дээр ажилчдын аюулгүй байдлыг хангах бие халаалт хийх, ажлын завсарлагаар биеэ сэргээхэд ч үр нөлөөтэй. Радио тайсо зөвхөн бие махбодын үр нөлөө үзүүлээд зогсохгүй, радио тайсогоор дамжуулан орон нутгийнхаа үйл ажиллагаанд оролцох, арга хэмжээ зохион байгуулах зэрэг боломж олгодог давуу талтай бөгөөд бие сэтгэлийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгсэл болгож Японд олон талбар дээр ашиглагдаж байна.

   Монгол-Японы төвийн ажилтнууд ч бас өглөө бүр ажлаа эхлүүлэхээс өмнө радио дасгалыг хийж хэвшүүлээд байна. Мөн тус төвийн бизнес сургалтад хамрагдаж буй суралцагчдадаа энэхүү дасгалыг хичээлийн завсарлагааны үеэр хийлгэдэг уламжлал тогтоод байгаа билээ. Радио дасгалын 1-р хувилбарыг дараах холбоосоор орж дагаж хийгээд үзээрэй. https://www.youtube.com/watch?v=FQHvxFRt-oc

Эх сурвалж: Японы Радио Тайсо Нийгэмлэгийн танилцуулга материалаас хэсэгчлэн авав.