Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ны өдрийг дэлхий нийтээрээ мэндчилгээний өдөр болгон тэмдэглэдэг байна. Дэлхий дахинд 180 гаруй орны хүмүүс нөхөрсөг сайхан сэтгэлийн илэрхийлэл болгон бие биетэйгээ мэндчилэн тэмдэглэдэг байна. Энэхүү өдрийн түүхээс дурьдвал 1973 онд египет, израйлын мөргөлдөөнөөс үүдсэн түгшүүрийг арилгах зорилгоор АНУ-ын иргэн ах дүү Михайл Маккормак, Брайн Маккормак нар “Дэлхийн мэндчилгээний өдөр”-ийг санаачилсан байна. Тэд хүмүүс энэ өдрийг тохиолдуулан “Сайн байна уу?” гэж элгэмсүү сайхан үгийг бие биедээ хэлж, бичиж мэндчилгээ дэвшүүлж байвал дэлхий дахинд энх амгалан уур амьсгал тогтоход ихээхэн тус дэм үзүүлнэ хэмээн үзжээ. Ах дүү хоёрын санаачлага Нобелийн энх тайвны шагналтан 23 хүн, дэлхийн 114 орны төрийн тэргүүн нарт хүрч хоорондоо захидал мэндчилгээ илгээсэн байдаг аж. Тиймээс “Дэлхийн мэндчилгээний өдөр” нь энх тайвныг сахин хамгаалахад үнэт хувь нэмэр болж байгааг сайшаан тэмдэглэжээ.