МЭДЭЭЛЭЛ
ЯПОН УЛСАД Л ХАРЖ БОЛОХ СОНИН СОДОН ЗҮЙЛС
2019-10-16

•    Дөрвөлжин тарвас. Та бидний хувьд тарвас бол бөөрөнхий, зууван хэлбэрээр л санаанд бууж байгаа байх. Тэгтэл японд бол дөрвөлжин хэлбэртэй тарвас гэж байна шүү. Гэхдээ энэ тарвас нь идэх зорилгоор биш үзүүлэнгийн зорилгоор анх Кагава мужид 45 жилийн өмнөөс тариалж эхэлсэн байна. Жилд ойролцоогоор 400 ширхэг худалдаанд гардаг байна. Дөрвөлжин хэлбэртэй болохоор нь онцгой соортынх гэж хүмүүс боддог ч гэсэн бидний мэдэх энгийн тарвастай адил төрлийнх байдаг байна.  Ургуулах үедээ дөрвөлжин саванд ургуулснаар адил хэмжээ хэлбэртэй болж ургадаг байна.

Үнийн хувьд 1 ширхэг нь 10,000 иенээс эхэлдэг ба 20,000-30,000 иен хүрэх тохиолдол ч байдаг байна. Мөн дөрвөлжнөөр зогсохгүй зүрхэн, гурвалжин хэлбэртэйг ч ургуулдаг.

•    Дэлхийн хамгийн өндөр технологийн суултуур. Та япон улсаас хамгийн өндөр технологиор хийсэн суултуурыг харж болно. Мэдээж энгийн бидний мэдэх суултуурууд байдаг ч гэсэн том их дэлгүүрүүд, үйлчилгээний байгууллагуудад автомат суултуурууд байдаг. Энэ автомат суултуур нь дуу чимээ гаргах, үнэр дарах, суултуурын өндрийг тохируулах, усаар цэвэрлэх, хатаах зэрэг маш олон үйлдэлтэй суултуурууд байдаг.

•    Kit kat. Та бидний сайн мэдэх улаан цаастай Kit kat-ийг Японд та маш олон төрлөөр нь идэж болно. Японд энгийн, улирлын чанартай гээд  300 гаруй Kit kat-ний төрөл байдаг ба Kit kat-ийг шалгалт, тэмцээн, шалгаруулалт зэрэгт орохынхоо өмнө идвэл шалгалтад тэнцэх, тэмцээнд ялдаг гэх ба энэ нь япон хэлэнд きっと勝つ буюу заавал ялна гэсэн үгтэй адил дуудагддагтай холбоотой. Тэр 300 гаруй төрөл дотор бяслаг, васаби, шарсан эрдэнэ шиш, мисо, чихэр төмс зэрэг сонин содон амттай Kit kat байдаг. Энэ линкэд Kit kat-ийн 206 төрлийн жагсаалт байгаа тул сонирхож байвал орж үзээрэй. 

•    Хайлдаггүй зайрмаг. Халууны улиралд бид сэрүүцэх зорилгоор зайрмаг иддэг. Гэвч халуунд зайрмаг маань хайлах урсах асуудал бидэнд тохиолддог. Энэ асуудлыг шийдсэн хайлдаггүй зайрмагийг Каназава зайрмагийн дэлгүүр шийдсэн байна. Зайрмаг нь сүү буюу цөцгий, агаарын бөмбөлөг, мөсөн талст гэсэн үндсэн бүтэцтэй байдаг. Хайлдаггүй зайрмаг нь орцондоо гүзээлзгэнийн хандыг нэмж өгснөөр зайрмагт агуулагдах ус болоод тосыг хамтад нь барих холбогчийн үүргийг гүйцэтгэн хайлах явцыг зогсоодог байна. Токиогийн Харажүкүд байх Такэшита гудамжинд байх KANAZAWA ICE  дэлгүүрээс энэ зайрмагийг авч болох ба чимэглэл, топпингийг өөрөө сонгох боломжтой юм байна. 

•    Хамгийн том оршин суугч. 2015 оны 4 сард Япон улсын нийслэл Токио хотын Шинжюкү дүүрэг Гозиллаг тусгай оршин суугчаараа бүртгэж авсан байна. 

Нэр: Гозилла

Хаяг: Шинжюкү дүүрэг, Кабүки гудамж, 1-19-1

Төрсөн огноо: 1954 он 4 сарын 9

Тусгай оршин суугч болсон шалтгаан: Шинжюкүг дэлхий нийтэд сурталчлан таниулж жуулчдыг татах, хотыг хамгаалах.

Шинжюкүд ирж байсан эсэх: 3 удаа. Гозилла (1984 он), Гозилла vs Кинг Жидора (1991 он), Гозилла 2000 миллениум (1999 он) гэсэн оршин суугчийн зөвшөөрөл гаргасан байдаг байна.