МЭДЭЭЛЭЛ
“ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН 12 ДАХЬ УДААГИЙН СИМПОЗИУМ” ЗОХИОГДЛОО.
2019-10-22 11:11

Энэ оны 10-р сарын 20-ны өдөр Монгол-Японы хүний нөөцийн  хөгжлийн төвд “ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН 12 ДАХЬ УДААГИЙН СИМПОЗИУМ” зохион байгуулагдаж япон хэл зааж буй 90 орчим багш хамрагдсан билээ.

Симпозиумыг нээж зохион байгуулагч талаас МОНГОЛЫН ЯПОН ХЭЛНИЙ БАГШ нарын ХОЛБООны тэргүүн Батжаргал үг хэлж, Япон Сангийн япон хэлний мэргэжилтэн Мицүмото Томоя, Япон улсын Элчин Сайдын Яамны элчин зөвлөх Хаяаши Шиничиро нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Уг симпозиумд Япон Их сургуулийн Төгсөлтийн дараах сургууль, Нийгмийн мэдээлэлзүйн шинжлэх ухааны салбар, профессор Шимада Мэгүми хүрэлцэн ирж, “Япон хэлний сургалт ба судалгааны уялдаа холбоо-статистик дүн шинжилгээний жишээгээр-” сэдэвт сургалт явууллаа.

Сургалтын дараа сурсан зүйлээ бодитоор туршиж үзэх үүднээс эксел программ дээр ажиллаж, дундаж үзүүлэлт, стандарт хазайлт, корреляцийн /хамаарлын/ коэффициент, объектив тестийн зөв хариултын хувь, ялгах чадвар, субьектив тестийн дахцлын түвшин /хамаарал/-г тооцож чаддаг болох зорилготой workshop-ыг зохион байгуулсан юм.

Шимада профессор сургалтад хамрагдсан багш нарт статистик дүн шинжилгээний талаар ойлгомжтой тайлбарлаж байсан тул бүгд сайн хүлээж авч ойлгож байлаа.

Багш нар “Өнөөдөр сурсан зүйлээ мартахгүйн тулд шалгалт авах бүрдээ дүн шинжилгээ хийж үзмээр байна.”, “Хурдхан л EJU-ын хариун дээр туршиж үзэх юмсан.” гэж ярилцацгааж байсан юм.

Симпозиумын үеэр ч тэр, дараа нь ч тэр багш нар нэг нэгэндээ мэдээллээ солилцож сургалт маань сайхан уур амьсгал дунд өрнөсөн юм. Энэ өдөр олж авсан мэдлэг мэдээллээ багш нар маань хичээлдээ ашиглаж үр дүнг нь гаргана гэж найдаж байна.