Үйл явдал
ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2019-10-22 17:49

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв 2008 оноос эхлэн Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Өдгөөг хүртэл нийт 36 компани уг хөтөлбөрт хамрагдаж, байгууллага дээрээ тулгамдаж буй асуудалдаа япон болон монгол багш нарын заавар зөвлөгөөг авч хэрэгжүүлж ирсэн юм.

2019-2020 онд Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдагч байгууллага болох “АвтоХАБ” ХХК дээр тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болон “5S хөдөлгөөнийг хэвшүүлэх нь” сургалт болж өндөрлөлөө.  

“АвтоХАБ” ХХК нь энэ 10 сард Улаанбаатар хотын төвд автомашинтай хэн бүхний заавал саатах “АвтоХАБ” автомашин худалдаа, засвар үйлчилгээний цогц төвөө нээгээд байгаа билээ. Тус төв нь байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй цахилгаан автомашин худалдаалах болон бүх төрлийн автомашины сэлбэг хэрэгслийг Япон улсаас оруулж ирэхээс гадна автомашины бүх төрлийн засвар үйлчилгээ буюу компьютер оношилгоо, тэнхлэг тохиргоо, тос тослогоо, агрегат засвар, кузов засвар, автомашин угаалга зэрэг цогц үйлчилгээг тав тухтай орчинд хэрэглэгчдэдээ хүргэхээр зорин ажиллаж байна.

Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж, Рело Панасоник Эксел Интернэшнл ХК-ийн ахлах зөвлөх Накажима Шү, ЖАЙКА-ийн бизнесийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Накамура Ко, багш Н.Батчулуун болон “АвтоХАБ” ХХК-ийн захирал, ажилтан албан хаагчид оролцлоо. Үүгээр ЗААН-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн зааварчилгаа, сургалт албан ёсоор эхэлж, сургалт зөвлөгөө үргэлжлэн явагдах юм.

Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж буй “АвтоХАБ” ХХК-ийн хамт олонд хөтөлбөртөө идэвхтэй оролцон, багш нарын зааварчилгаа зөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэн бодитой үр дүн гаргахыг хүсэхийн ялдамд цаашдынх нь ажил үйлст өндөр амжилт хүсэн ерөөе.