МЭДЭЭЛЭЛ
“ЯПОНД СУРАЛЦАХ МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2019” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2019-11-18 17:05

     2019 оны 9-р сарын 21(Бя), 22(Ня)-ны өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “Японд суралцах мэдээллийн яармаг-2019” зохион байгуулагдлаа. 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд Японы 12 их сургууль болон 2 байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Японд суралцах хүсэлтэй оюутан залуус маш ихээр оролцсон бөгөөд 2 хоногийн нийлсэн дүнгээр 2000 гаруй хүн ирсэн нь урьд өмнөх мэдээллийн яармагт ирсэн хүмүүсийн тоог илт давсан үзүүлэлт болсон юм. 


    Мэдээллийн яармагийн өмнөх өдөр буюу 9-р сарын 20 (Ба)-ны өдөр, Японы их сургуулиудын төлөөлөгчид япон болон англи хэлийг гүнзгийрүүлэн суралцдаг бүрэн дунд боловсролын сургуулиудтай танилцах хөтөлбөрт хамрагдсан юм.  Энэхүү хөтөлбөр нь мэдээллийн яармагт оролцож буй япон сургуулийн танилцуулах семинар болон элсэлтийн талаарх мэдээллийг тухайн сургуулийн сурагчидтай хуваалцаж, японд суралцах талаар санал солилцдог билээ.
    Мэдээллийн яармагийн анхны өдөр буюу 9-р сарын 21(Бя) гаригт арга хэмжээг нээж Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Ичиока Акира үг хэлсэн юм. Түүний дараагаар БСШУСЯамны гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д. Гарди, МУИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч. Лодойравсал, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц. Даваадорж,  Японд их дээд сургууль төгсөгчдийн "Жугамо" нийгэмлэгийн мэргэжилтэн Д. Мөнхбат нар тус тус нээлтийн үг хэлэв. 


    “Японд суралцах мэдээлийн яармаг”-ийн хөтөлбөр нь Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, Японд суралцах талаар ерөнхий танилцуулга, Япон улсад тэтгэлгээр суралцаж ирсэн оюутны яриа, мэдээлийн яармагт оролцож буй сургуулиудын танилцуулга болон сургууль тус бүрийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх булан зэргээс бүрддэг. Оюутан залуус маань өөрсдийн суралцах чиглэлээр элсэлт авч буй сургуулийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх буланд очиж тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна өөр бусад хүссэн мэдээллээ авч байлаа.


    Мэдээллийн яармагийн сүүлийн өдөр буюу 9-р сарын 22(Ня)-ны өдөр, Япон сангаас Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд томилогдож ирсэн Мицүмото багш “Японд суралцах гэж буй оюутнуудад зориулсан япон хэл сурах стратеги” сэдвээр илтгэл тавьсан юм. Тус илтгэлд япон хэлийг анхан шатнаас суралцахад хэрэгцээт аппликэйшнуудыг танилцуулсан бөгөөд  илтгэлийн үеэр танхим дүүрэн хүн цугласан нь оюутан залуус маань япон хэлийг суралцах ямар их хүсэл сонирхолтой байгаа нь харагдаж байлаа. 
    Япон улсад суралцах Монгол оюутны тоо жилээс жилд өсч байгаа бөгөөд, 2018 оны байдлаар 3000 даваад байна. Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Монголынхоо оюутан залуусыг Японы их дээд сургуульд амжилттай суралцаж төгсөөд, ирээдүйд Монгол орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боловсон хүчин болохыг дэмжиж  жил бүр энэхүү мэдээллийн яармагийг зохион байгуулахын сацуу Японд суралцах талаар зөвлөгөө зөвлөмжийг байнга өгдөг билээ. 
Ирэх жил ч гэсэн Япон улсаас олон олон их сургууль, байгууллагын төлөөлөгчид “Японд суралцах мэдээллийн яармаг”-т оролцож, Японд суралцахыг хүсч буй оюутан залууст хэрэгцээтэй мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна.


Ерөнхий зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Их Сургууль
Дэмжигч байгууллага: Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Монгол дахь Япон улсын элчин сайдын яам
Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)
Японы олон улсын хамтын ажилагааны төв (JICE)
Японд их дээд сургууль төгсөгчдийн “JUGAMO” нийгэмлэг
Оролцогч их сургуулиуд: Ази их сургууль, Күмамото мужийн асаргааны консорциум, Кэйо их сургууль, Мацүмото нүүр ам судлалын их сургууль, Нанзан их сургууль, Осака их сургууль, Рицүмэйкан ази номхон далайн их сургууль, Токио олон улсын их сургууль, Тооёо их сургууль, Тоокай их сургууль, Тоохокү нийтийн удирдлага шинжлэх ухааны их сургууль, Удирдлагын ухааны институт, Хёого их сургууль