ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
JF СТАНДАРТ БУЮУ ЯПОН САНГИЙН ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН СТАНДАРТ ГЭЖ ЮУ ВЭ?
2020-06-15 15:46

Бид улс орон, үндэс угсаа үл харгалзан чөлөөтэй харилцаж буй даяарчлагдсан нийгэмд амьдарч байгаа билээ. Энэхүү даяарчлагдсан нийгэмд хүмүүс хоорондын харилцан ойлголцол нь нэн чухал бөгөөд хэлээр дамжуулан хоорондын харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэхэд дараах 2 чадвар зайлшгүй шаардлагатай хэмээн үздэг байна.

  • Асуудал шийдвэрлэх чадвар: Харилцан ойлголцохын тулд япон хэлийг хэрхэн хэрэглэх, япон хэлээр дамжуулан юу хийж чаддаг болох гэдгийг ойлгож, хэрэглэх чадвар
  • Харийн соёлыг ойлгон хүндэтгэх чадвар: Хэлээр дамжуулан бусад орны соёлыг ойлгон, хүндэтгэх чадвар

Энэхүү 2 чадварыг хөгжүүлэх зорилгын хүрээнд JF стандартыг дэлхийн япон хэлний боловсролын чиг хандлагыг шинэчлэх үүднээс боловсруулан танилцуулсан байна. 2012 оноос дэлхийн олон оронд байгаа Япон сангийн хэлний төвүүдээр дамжуулан дэлхийд таниулж эхэлсэн бөгөөд өдгөө 2020 оны байдлаар 26 оронд тус стандартын дагуу япон хэлний сургалтуудыг явуулж байна. Үүний нэг нь Монгол бөгөөд албан ёсны хэлний төвөөр манай төв ажиллаж байна.

JF стандарт нь асуудал шийдвэрлэх болон харийн хэлийг ойлгон хүндэтгэх чадварыг хөгжүүлнэ гэхээр бага зэрэг ойлгомжгүй, толгойд бууж өгөхгүй байгаа биз. Хялбараар тайлбарлавал, япон хэл сурахад таны хэр их дүрэм, үгийн сан, ханз мэддэг тань чухал биш хамгийн гол нь “Япон хэлийг ашиглан юуг чадах вэ?” буюу харилцаа /яриа/-ы чадварыг чухалчлан тухайн яриа нь хэзээ, ямар нөхцөлд хэрэглэгдэхийг зааж өгснөөр шаардлагатай үед сурсан япон хэлээ шууд хэрэглэх боломжийг олгодог гэж хэлж болно. JF стандартын дагуу суралцаж буй хүмүүсийг харахад ярианы чадвар нь түлхүү хөгждөг нь үүнтэй холбоотой биз ээ. Энэ нь асуудал шийдвэрлэх чадвар юм.

Энэхүү асуудал шийдвэрлэх чадварыг Can-do буюу “-ж чадна, -ж чаддаг болно” гэсэн хэлбэрээр илэрхийлэн хэлний мэдлэгийг хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн А1~С2 хүртэлх нийт 6 түвшинд хуваан авч үздэг. Энэхүү хэлний мэдлэгийн түвшний хэмжүүр нь CEFR /Европын холбооны улсуудын олон хэлний суурь хөтөлбөр/-ийн 6 түвшинтэй ижил байдаг тул бусад гадаад хэлтэй адил хэмжүүрээр япон хэлний түвшинг тодорхойлох боломжтой.

JF стандарт болон Can-do-гийн дэлгэрэнгүйг дараах линкээр орж үзнэ үү.

http://www.japan-center.mn/as/japanese/773