ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
СУРГАЛТЫН А1~B1 ТҮВШИН ГЭДЭГ НЬ JLPT-ИЙН АЛЬ ТҮВШИН БЭ? А1~B1 БОЛОН N5~N2 ТҮВШИН ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?
2020-06-15 16:11

Манай төвийн япон хэлний сургалтыг сонирхож буй хүмүүсээс их ирдэг асуултын нэг нь энэ билээ. Ингэж асуудгийн учир нь ихэнх сургалтын төвүүд JLPT-ийн түвшний ангиллаар сургалтуудаа явуулдаг учраас байж болох юм. Мөн JF стандарт нь япон хэлний боловсролын хувьд харьцангуй шинэ стандарт болохоор ингэж асуудаг байх.

JF стандартын түвшин нь дээр өгүүлсэнчлэн 6 түвшний ангилалтай. Харин JLPT нь 5 түвшинтэй билээ. JF стандарт болон JLPT-ийн түвшнийг шууд нэг бүрчлэн харгалзуулах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл JF стандартын А2 түвшин дээр гарч буй дүрэм, үг хэллэг нь JLPT-ийн N5, N4, N3-ийн үг хэллэг байдаг. Зарим тохиолдолд N2-ийн үг хэллэг ч байх тохиолдол байдаг. Нөгөөтэйгүүр JLPT-ийн N4 дээр гардаг үг хэллэг нь JF стандартын А2 түвшний эхэн, дунд, төгсгөл шат, В1 түвшний эхэн, дунд шат дээр гарах тохиолдол байдаг. Энэ нь JF стандарт болон JLPT-ийн агуулга, үнэлгээний шалгуур нь өөр учраас юм.

Манай төвийн сургалтад суралцаад JLPT өгөх боломжтой юу гэвэл энэ нь боломжтой юм. Бодит харилцааны япон хэлийг сурангаа JLPT шалгалтын материалыг нэмэлтээр ажиллаад явахад өөрийн зорьж буй түвшиндээ хүрэх боломжтой. Нөгөөтэйгүүр JLPT-ийн аль нэг түвшинг дүүргээд JF стандартын дагуу явагддаг манай төвийн сургалтад явах боломжтой юу гэвэл энэ нь ч бас боломжтой юм. Харин аль сургалтад өөрийнх нь түвшин тохирох вэ гэдгийг манай төвөөс зохион байгуулдаг “Анги хуваарилах шалгалт”-аар мэдэж болно. Тус анги хуваарилах шалгалт нь хавар 1 сард, намар 9 сард буюу хавар, намрын сургалтын бүртгэл явагдах үеэр хамт явагддаг.

Манай төв дээр явагддаг сургалтуудын түвшин болон JLPT-ийн түвшний ангилалтай ерөнхийд нь харьцуулсан доорх зураглалаас ерөнхий баримжааг авч болно. Гэхдээ энэхүү зураглал нь Япон сангаас гаргасан албан ёсны жишиг биш гэдгийг анхаарна уу.