МЭДЭЭЛЭЛ
ЖАЙКА Японы ОУБ, Мобиком Корпораци ХХК болон Монгол-Японы Төв хамтран шинэ төрлийн короны вирусын үед шинэлэг технологиор өрсөлдөх гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ
2020-10-14 16:44

     10 сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан ICT EXPO үзэсгэлэнгийн үеэр ЖАЙКА нь Мобиком корпораци ХХК-тай Санамж бичиг үзэглэж, гарааны бизнесийг дэмжих MonJa Startup Accelerator Program хөтөлбөрийнхөө бүртгэлийг эхлүүллээ (Бүртгэл 11 сарын 6 хүртэл явагдана).

     Энэ хөтөлбөрийн хүрээнд ЖАЙКА, Мобиком корпораци ХХК болон Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төв хамтран шинэ төрлийн корона вирус COVID-19-ийн нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа өөрчлөлтөд шийдэл гарц болж чадах шинэлэг бизнес, технологийг санаачлан хөгжүүлж буй гарааны компаниудад дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.

     Энэ хөтөлбөрт бүртгүүлж, материалаа ирүүлсэн гарааны компаниудаас 3 аж ахуйн нэгжийг шалгаруулж, нэгж компанитай дээд тал нь 30 мянган ам.долларын ажил үүргийн гэрээ байгуулахын зэрэгцээ менторын зөвлөгөө, сургалт семинар зэрэг чиглүүлэх хөтөлбөрийг 6 сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Түүнчлэн Япон компанитай холбоо тогтооход нь туслалцаа үзүүлэх зэрэг нетворкингийн боломжийг ч олгох юм.

      ЖАЙКА нь Монгол Улсад эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвөөр дамжуулан хэрэгжүүлж ирсэн техникийн хамтын ажиллагааны төсөл нь түүний нэг жишээ юм. Монгол-Японы төв нь өнгөрсөн хугацаанд 1000 орчим бизнес эрхлэгчдийг бизнесийн үндсэн сургалтандаа хамруулж төгсгөсөн бөгөөд Монгол улсад бизнесийн нөү-хау, нэтворкингийн туршлагыг хуримтлуулж ирсэн төв билээ. Энэ удаа тус төвийн туршлагад тулгуурлан гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж байна.

  

     Мобиком Корпораци нь өнгөрсөн жилийн ICT EXPO 2019 үзэсгэлэнгийн үеэр гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан Co-working Space Moffice хамтын оффисын төвөө нээж байгаагаа албан ёсоор зарлаж байсан билээ. Энэ удаа бид гарааны бизнес эрхлэгчдэд зориулагдсан энэхүү Moffice төвийг түшиглэн санхүү, хууль эрх зүй, борлуулалтын сувгийн өргөтгөл зэрэг төрөл бүрийн чиглэлээр заавар зөвлөгөө өгч, менторын үйлчилгээ үзүүлж ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн сонгон шалгаруулалтад тэнцсэн 3 компани Moffice төвийг үнэ төлбөргүй ашиглах боломжтойгоос гадна тус хамтын оффис төвд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй гарааны компаниудтай туршлага солилцох, мэдээлэл хуваалцах боломж бүрдэх юм.

Манай хөтөлбөрийн бүртгэл Санамж бичиг үзэглэсэн 2020 оны 10 сарын 10-ны өдөр эхэлсэн бөгөөд 11 сарын 6 хүртэл үргэлжлэнэ.

Та бүхэн дараах холбоос руу хандан хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

URLhttps://www.jica.go.jp/mongolia/english/office/topics/201010.html

Асууж тодруулах зүйл байвал monja@japan-center.mn хаягаар англи хэлээр мэйл явуулна уу.