МЭДЭЭЛЭЛ
“ИРОДОРИ ХЭРЭГЛЭЭНИЙ ЯПОН ХЭЛ” АНХАН ШАТ-2 СУРАХ БИЧИГ МОНГОЛ ХЭЛЭЭР ОРЧУУЛАГДЛАА.
2021-03-31

"Иродори хэрэглээний япон хэл" япон хэлний сурах бичиг нь гадаад хүнд Япон улсад ажиллаж, амьдрахад шаардлагатай япон хэлээрх харилцааны чадварыг эзэмшүүлэх зорилгоор Япон сангаас 2020 оны 3-р сард гаргасан сурах бичиг юм.  

Тус сурах бичгийг Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Япон хэлний сургалтын тасагт монгол хэлнээ орчуулж байгаа бөгөөд “Иродори хэрэглээний япон хэл” анхан шат-1-ийг 2020 оны 8-р сард орчуулан хүргэж байсан билээ. Энэ удаад “Иродори хэрэглээний япон хэл” анхан шат-2 сурах бичгийг орчуулан та бүхэнд толилуулж байна.

Эл сурах бичгийн гол онцлог нь дараах зүйлд оршино.

Японы өдөр тутмын амьдралд тохиолдох янз бүрийн нөхцөл байдал, сэдвийг хамарсан тул бодит амьдрал дээр хэрэглэгдэхүйц япон хэлээрх харилцааны чадварыг үр дүнтэй эзэмшүүлнэ.

Хичээл бүрийн суралцах зорилгыг Can-do хэлбэрээр харуулж, тухайн хичээлийг судалснаар “Чаддаг болох” зүйлийг тодорхой болгож өгсөн.

Сэдэв болон дүрэм нь JF япон хэлний боловсролын стандартад тулгуурлан зохиогдсон. "Марүгото: Япон хэл ба соёл" сурах бичигтэй уялдаатай.

Японд ажиллаж амьдрахад шаардлагатай анхан шатны A2 түвшний япон хэлний мэдлэг эзэмшүүлэхийг зорьсон бөгөөд, Япон сангийн япон хэлний суурь мэдлэгийн шалгалт (JFT-Basic) -ийг өгөхөөр төлөвлөж буй хүмүүст ч тус болно.              

  Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст хялбархан ашиглах боломж олгох үүднээс хэвлүүлэхгүйгээр, вэбсайтад байршуулсан болно.

Тус сурах бичгийг ашгийн зорилгоор худалдан борлуулахыг хориглоно.