Сар бүрийн мэдээлэл
Япончууд долоодугаар сарын 22-нд “Далайн өдөр”-өө тэмдэглэнэ
2021-07-02

Жил бүрийн долоодугаар сарын 3 дахь долоо хоногийн даваа гарагт япончууд “Далайн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай. 

Гэвч энэ жилийн хувьд Токиогийн олимп, Паралимпийн нээлт долоодугаар сарын 23-нд болно. Үүнтэй холбогдуулан “Далайн өдөр”-ийг долоодугаар сарын 22-ны пүрэв гарагт, "Спортын өдөр"-ийг долоодугаар сарын 23-ны баасан гарагт шилжүүлэн тэмдэглэхээр болжээ. Ингэснээр бямба, ням гарагийг оролцуулан,  дөрөв хоногийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаад байна.

Дашрамд сонирхуулахад, далайн баялагтаа талархал илэрхийлэхийн сацуу улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө ерөөл дэвшүүлэх журмаар Япон улсад 1996 онд анх удаа “Далайн өдөр”-ийг тэмдэглэж байжээ.

Мөн 1876 онд эзэн хаан Мэйжи анх удаа “Мэйжи Мару” хөлөг онгоцоор Аомори хотоос Хакодатэ /Хоккайдо/-аар дэмжин Ёокохама боомтод очсон учир долоодугаар сарын 20-ныг “Далайн өдөр” хэмээн зарлаж, тэмдэглэдэг болсон учиртай.

Улмаар 2000 оноос бүх нийтийн амралтын өдрийг даваа гарагт шилжүүлэн "Happy Monday" хэмээн нэрлэж гурван өдөр дараалан амарч байжээ. Харин 2003 оноос хойш долоодугаар сарын 3 дахь даваа гарагийг “Далайн өдөр” болгон тэмдэглэж байхаар өөрчилсөн байна.

 Түүнчлэн “Далайн өдөр”-ийн ач холбогдлыг нэмэгдүүлэхийн тулд 2017 оноос “Далайн сар”-ыг долоодугаар сарын 1-нээс 31-ний өдрүүдэд тэмдэглэж байхаар зарлаж "Далайн Фестиваль" зэрэг арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг болсон юм. Уг фестивалийг анх 2019 онд Шизүока мужид зохион байгуулж байв.

Энэ үеэр фестивалийн гол арга хэмжээнүүдийн нэг болох "Далайн үзэсгэлэн"-д далайтай холбоотой 40 орчим байгууллага оролцож, хүрээлэн буй орчин болон далайн судалгааг олон нийтэд дэлгэн үзүүлжээ. Мөн далайн цаг уурын ажиглалтын завь, Японы эргийн хамгаалалтын эргүүлийн завь зэрэг төрөл бүрийн хөлөг онгоц олон нийтэд нээлттэй үйлчилсэн юм.

Үүнээс гадна японы өнцөг булан бүрд далайн үзэсгэлэн, хөлөг онгоцны аялал, гэрлийн шоу зэрэг олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Энэ жилийн хувьд коронавирусийн халдварын нөлөөгөөр халдвар хамгааллын дэглэмийг сахиж, иргэдийн аюулгүй байдалд онцгойлон анхаарч буйгаа зохион байгуулагчид мэдэгдээд байна.  

Эх сурвалж: https://skywardplus.jal.co.jp/plus_one/seaday_friendly_the_sea/