"Оюу толгойн гэрээ монголчуудад ашигтай болж чадсан уу?" гэсэн сэдвээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар халз мэтгэлцсэн. Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар халз мэтгэлцээн ямар үр дүнтэй болсон талаар мэдээлэл хийж, мэтгэлцээний үеэр тодорхойгүй үлдсэн зарим асуудлын талаар мэдээлэл хийсэн юм.
- Мэтгэлцээний үеэр та баримт, бэлтгэл муутай харагдсан. Мэтгэлцээний сүүл үеэр яагаад чимээгүй болчихов оо?
- Тэр хүнийг юу ярьж байна вэ гэдгийг ард түмэнд ойлгуулах нь миний хамгийн чухал зорилго байсан. Тэр суман мөндөр дундуур утгагүй дормжлолд нь хариулт өгөх юм бол Монголын улс төр гэдэг ёс зүйгүй үүр уурхай болно. Жаахан хүүхдүүд тэр мэтгэлцээнийг үзэж байсан. Тэгээд ч би үндсэн асуултуудаа бүгдийг нь асууж амжсан. Би өндөр дуугаар хашгичиж, зангаж яриагүй байж магадгүй. Аягүй гоё слайдууд байн байн эргэлдүүлээд л. Ярих юмгүй хүн ямар ч байсан нэг юм ярихын тулд холхиж хөдөлдөг. Хүмүүс нэг л гоё юм ярилаа, юу ярилаа байз л гэж хүлээж авна. Хувь хүн, ёс зүйн хувьд ч би зорилгодоо хүрчихсэн. Мэтгэлцээн бол нэгнийгээ давах биш зорилгодоо хүрэх явдал. Өрсөлдөгч маань хүртэл энэ мэтгэлцээнд ялсан. Яагаад гэвэл тэр хүн шавайгаа ханатал ярьж чадсан. Ялах, ялагдахдаа биш зорилгодоо хүрсэн эсэх нь чухал. Яахав өндөр дуутай хүний хажууд намхан дуугаар, даруухан ярихаар мессеж маань очихгүй байж магад. Тэр манарсан манарааны дараа та нар анализ хийгээд хар л даа. Чөлөөт хэвлэлүүдээр анализ нэвтрүүлгүүд гарсан. Маш үр дүнтэй болсон гэж сэтгэл өндөр байгаа. Би мэтгэлцээний дараа хүмүүс над руу дайрч, давшилна гэж бодож байсан. Гэхдээ тэгээгүй.
- Оюу толгойн гэрээг анх батлахад Ерөнхий сайд байсан С.Баяр зэс хайлуулах үйлдвэр барина гэж зарлаж байсан. Гэрээнд энэ талаар юу ч байхгүй юм шиг ээ?
- Засгийн газар бичгээр хүсэлт гаргасан бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 3 жилийн дотор хөрөнгө оруулагч хайлуулах үйлдвэр барих боломжийн талаар судалгааны тайлан боловсруулна л гэж байгаа. Өөр юу ч байхгүй. Гуравдагч этгээдээр бариулсан тохиолдолд зэс хайлуулах үйлдвэр барих чадвартай гэдгийг хөрөнгө оруулагчид урьдчилан нотолж харуулсан байх ёстой гэж байгаа. Хөрөнгө оруулагч нь наадах чинь болохгүй байна гэж хэлэх л юм бол дууслаа.
- Улс төрийн тогтвортой, тогтворгүй эсэхээс үл харгалзан гэрээнд өөрчлөлт оруулах боломж манайд байна. Үүнийг үгүйсгэх шаардлага байна уу?
- Гэрээний заалтаар бол тийм боломж байхгүй. Мадгаскар, Гвиней зэрэг ардчилал бараг байхгүй оронд гэрээндээ өөрчлөлт оруулж чадсан. Ганцхан ард түмэн нэгдсэн ойлголтой байж УИХ нь нэгдсэн байр суурьтай байх, эрдэмтдээ ашиглах, Засгийн газар нь дэмжиж өгөх зэрэг арга зам байдаг. Өөрчлөлт оруулах бол хоёр тал бие биенийхээ хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд гэж заасан байгаа. Талууд хоорондоо уулзах ч эрхгүй байгаа шүү дээ.
- УИХ-ын 57-р тогтоол, 40-р тогтоолд зарчмын зөрүү байх шиг. 40-р тогтоол бол гэрээг байгуулах нөхцлүүдийн талаар зааварчилгаа өгсөн тогтоол байсан. Гол дэд бүтцийн асуудлыг тусгах хэрэгтэй гэсэн байдаг?
- 57-р тогтоол дээр хууль тогтоомжуудад нийцүүлнэ гэж заасан байдаг. Харин 40-р тогтоолд хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар гэж байдаг. С.Баярцогтоос гадна С.Баяр, Д.Зоригт нар бүгдээрээ энэ муу гэрээнд буруутай. Ардчилсан оронд эрх зүйч, улс төрч хүн иргэд юу хүсч байна, түүнийг хуулиар гүйцэтгүүлэх гэж оролддог. Хэцүүхэн оронд иргэдийн юу хүсч байгааг хуулиар яаж үгүйсгэх вэ гэж улс төрчид нь зүтгэдэг. Манайд дандаа тэгдэг шүү дээ. Манай энэ гурван найз хөрөнгө оруулагчдад за гэж хэлэхийн тулд хуулийг өөрчилж ашигласан. Монголын ард түмний төлөө байсан 68 хувийн татварыг өөрчилсөн.
Сэтгэгдэл (10)