Египтийн
ерөнхийлөгч Мухаммед Мурси өөрийн бүрэн эрхээ баталгаажуулахын тулд
тэргүүн зэргийн шүүгчидтэй уулзахаар болсон талаар гурван цагийн өмнө
“BBC” мэдээлжээ.
Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси өөрийн бүрэн эрхээ баталгаажуулахын тулд тэргүүн зэргийн шүүгчидтэй уулзахаар болсон талаар гурван цагийн өмнө “BBC” мэдээлжээ.
Ерөнхийлөгч Мухаммед Мурси өнгөрсөн пүрэв гарагт өөрийнх нь гаргасан шийдвэр, хуулиудыг өөрчлөх ёсгүй гэсэн зарлиг гаргасан юм. Энэ талаар мэдээлэл цацагдсанаас хойш тус улсад эмх замбараагүй байдал үүсэхээс гадна Египтийн үнэт цаасны зах зээл есөн хувиар унажээ.
Ноён Мурси ням гарагт түүний гаргасан зарлиг түр зуурынх бөгөөд энэ нь бүх эрх мэдлийг түүний гарт олгоно гэсэн үг биш хэмээн мэдээлсэн юм.
Харин амралтын өдрүүдэд Египтийн хуулийг баталдаг шүүгчдийн бүлэг орон даяар ажил хаялт зарлаж жагссан юм. Гэвч тус бүлгийн эрх баригчид буюу Дээд шүүхийн зөвлөлийн гишүүд ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэхгүй байгаа аж. Дээд шүүхийн зөвлөлийн гишүүд Мухаммед Мурсигийн гаргасан шийдвэрийг эрх баригчийн хүрээнд гаргах боломжтой шийдэл гэж үзэж буйгаа илэрхийлээд, доод шүүхийн ажилтнуудаа ажилдаа эргэн орохыг шаардсан байна.
Хууль зүйн сайд Ахмед Мекки ерөнхийлөгч хийгээд доод шүүхийн ажилтнуудын хооронд зуучлагч болж байгаа аж. Тэрбээр “Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг батлах тал дээр эргэлзээтэй байгаа” хэмээн “Ройтерс” агентлагт ярьжээ.
Олон тооны ард иргэд болон сөрөг хүчний удирдлагууд Мухаммед Мурсигийн шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Сөрөг хүчний Нобелийн шагналт гишүүн Мухаммед Эл Барадэй “Ерөнхийлөгчийг үндсэн хуулийн хэмжээтэй тэнцэхүйц эрх мэдэлтэй болгох зарлигаа цуцалтал жагсах болно” хэмээн мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн гаргасан зарлигийн дагуу түүний шийдвэрийг Египтийн ямар ч байгууллага цуцлах эрхгүй болох юм. Мөн шинэ үндсэн хууль бичих ажлыг түргэвчлүүлэхээр шийдвэрлэж, үндсэн хууль боловсруулж байгаа Ассамблейг тараахыг парламентын дээд танхим болон шүүхийн эрх баригчдад хоригложээ.
Мухаммед Мурсиг эсэргүүцэгчид дараагийн жагсаалаа маргааш буюу мягмар гарагт зохион байгуулахаар болжээ.
Д.Идэр