Уг тоглолтыг зохион байгуулуулагчдаас авсан ярилцлагыг хүргэж байна.
МУ-ын УГЗ, Монголын Рок Поп Пентатоник Академийн Ерөнхийлөгч Б.Долгион: Michael Learns to Rock” хамтлагийнхан даруухан залуус
- Сайн байна уу? Танд “Michael Learns to Rock” хамтлагийг Монголд урин тоглуулах санаа хэрхэн төрсөн бэ?
Миний зорьж явдаг хамгийн том зүйл бол Монголын залуучууддаа сонин содон зүйлсийг тэр дундаа шилдэг гэсэн хамтлаг дуучдын амид тоглолтыг, амид дуу хоолойг хүргэх юм. Пол Маккартниг Монголд урин тоглуулах бол миний мөрөөдөл. Энэ мөрөөдөлдөө хүрэх нэгэн шат маань “Michael Learns to Rock” хамтлагийг урин тоглуулах. Яагаад энэ хамтлагийг сонгосон минь учиртай л даа. “Universe Best Song” наадмыг шүүж байхад олон оролцогч ...take me to your heart... гээд дуулж байсан. Тэр бүгдийг сонсоод би Монголын залуучууд энэ дууг ямар сайн мэддэг юм бэ? “Michael Learns to Rock” хамтлагийн дуу манайхны сэтгэлд хүрч чадсан байна гэж бодсон. Тэгээд энэ хамтлагийг уриж залуучууддаа жинхэнэ дуу хоолойг нь хүргэхийг хүссэн юм. Тэгээд “Evento” компанийхан тус хамтлагийг Монголд урихаар шийдэн, манай компаний Батжаргал энэ асуудлаар хөөцөлдөн тус хамтлагийнхантай холбогдож, эх орондоо авчрах тал дээр их зүйлийг хийсэн байгаа. “Michael Learns to Rock” хамтлагийн гишүүд сагсуу биш их даруухан залуус байгаа. Энэ нь хамтлагийнх нь нэрнээс хүртэл ажиглагдаж байгаа байх. Энэ нэрийг орчуулбал “Майкл рокыг сурч байгаа” гэсэн утгатай. Даруухан зантай энэ хамтлагийн дуу бүхэн нь гоё, аялгуулаг учраас манай залууст таалагддаг биз ээ.
“Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү: MLTR хамтлагийнхан 3 хуудас шаардлага ирүүлсэн
- “Michael Learns to Rock” хамтлагийнхантай анх хэрхэн холбоо тогтоосон бэ?
Манай “Evento” компани өмнө нь “Beatles bootleg” хамтлагийг урин амжилттай тоглуулсан байгаа. Тэгээд залуучууддаа дахин амид шинэ тоглолтыг хүргэхийг зорисон. Тийм учраас “Michael Learns to Rock” хамтлагийнхантай холбоо тогтоосон. Эхэндээ бид мэйлээр харилцаж байсан. Одоо бол байнгын холбоотой байгаа.
- Гадаадын хамтлаг дуучдын шаардлага өндөр байдаг. “Michael Learns to Rock” хамтлагийнхан ямар шаардлага тавьсан бэ?
Дэлхийн ододын шаардлага өндөр байдаг нь үнэн. Тийм байхаас ч аргагүй. “Michael Learns to Rock” хамтлагаас бидэнд 3 хуудас шаардлага ирсэн. Гэхдээ тэр шаардлага нь өрөөнд 25 ширхэг сарнай тавих ч юм уу, заавал “Кадилак”, “Линколин” машин хөлөглөнө гэсэн зүйл байгаагүй. Тэд бол их даруухан, энгийн залуус учраас шаардлага нь ч энгийн байсан. Хувцас солих өрөөнд тэр брэндийн виски, тийм жүүс, бөмбөрний цар болон хөл нь тийм байх ёстой гэсэн шаардлагууд байсан. Энэ бол энгийн зүйлс.
- Энэхүү тоглолт нь Монголын рок попын түвшинг дэлхийд харуулж байгаа гэж үзэж болох уу?
Тэгэж үзэж болно. Анх бидний урисан “Beatles bootleg” хамтлагийнхан Монголд ирээд үнэхээр гайхаж, Монгол бидний бодож байснаас хамаагүй дээр улс юм байна гэдгээ хэлж байсан. тэд Монголоос сэтгэл өндөртэй буцсан. Өөрсдийн албан ёсны сайт, фэйсбүүк, твиттэр дээрээ энэ сэтгэгдлээ ч бичсэн байсан. ер нь бол дэлхийн хэмжээний хамтлаг дуучид ирж тоглоно гэдэг бол тэр улсыг сурталчилж байгаа нэг хэлбэр л дээ.
- Танай хамтлаг тус тоглолтон дээр дуулах гэж байна. Энэ талаараа сонирхуулбал?
Уг тоглолт маань яг 19 цагт эхлээд 2 цаг үргэжлээд дуусах байгаа. Манайхны нэг айхтар дутагдал бол цаг барьдаггүй зан юм. Бид энэ дутагдлаа харгалзаж үзээд тус хамтлагийнхантай үзэгчдийг “халаах” хамтлаг байвал зүгээр байна, манай зохион байгуулагч өөрөө хамтлагтай таалагдвал сонсоод үзээч гэсэн санал тавьсан. Тэдэнд бидний дуу таалагдсан учраас зөвшөөрсөн.
- Яагаад “Улаанбаатар палас”-ыг сонгох болов?
Хэрвээ та бүхэн анзаарсан бол тоглолт болох талаарх анхны сурталчилгаан дээр “Буянт Ухаа” цогцолбор гэж байгаа. Гэхдээ бид 2 өдөр тоглогдох учраас нийслэлийнхээ үзэгчдийг харгалзан үзээд бас тухайн хамтлагийнхан маань “Blue Sky” зочид буудалд байрлаж байгаа учраас хотдоо тоглосон нь дээр юм байна гэсэн шийдэлд хүрч “Улаанбаатар палас”-ыг сонгосон байгаа.
- Дэлхийн хэмжээний хамтлагийг урихад мэдээж зардал мөнгө их гарч байгаа байх. Ивээн тэтгэгчдээр ямар байгууллагууд оролцож байна?
Ивээн тэтгэгч байгууллагууд байхгүй бол бид нар оддодыг авчирна гэдэг хэцүү л дээ. Зардал мөнгө их гардаг. Энэ удаад Монголын Залуучуудын Холбоо тоглолтын зохион байгуулагчаар оролцож байгаа. MLTR Тоглолтын хөгжим, гэрэлтүүлгийг “Тotal Music” компани хариуцан ажиллаж байна. Хамтран зохион байгуулагчаар “Вагнер Ази”-ын хамт олон оролцож байгаа. Мөн тус хамтлагийхан байрлах болон хэвлэлийн бага хурал хийх байрыг “Blue Sky” хариуцаж байгаа.
“Evento” компаний гадаад харилцаа хариуцсан менежер Х.Батжаргал: MLTR хамтлагийн тоглолтыг ухаалаг картаар үзнэ
- Монголчууд өрнөдийн жишгээр тоглолт үзэх гэж байна. Энэхүү тоглолтын тасалбарын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
Энэхүү тоглолтын тасалбар нь өрнөдийн жишгээр ухаалаг карт хэлбэрээр худалдаанд гарч байгаа. Уг картаараа дараа дахин тоглолт үзэх боломжтой. Тасалбарын үнэ нь суудлын байрлалаас нь хамаараад өөр өөр байгаа. Индонез улсад 100 доллараар тоглогдож байгаа тоглолт манай улсад 40 000, 60 000, 80 000 гэсэн ханштай байгаа. Тийм учраас дэлхийн жишигтэй харьцуулахад хямд гэж үзэж болно.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)