Хоёр шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын гомдлыг маргааш 09.00 цагаас Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ. Тэрээр анхан шатны шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс мөн хэвээр баталсан учир ийнхүү дээд шүүхэд хандаад байсан билээ.
Гэвч маргааш болох хурал хойшилж магадгүй байна. Учир нь МАХН-ынхан “хурлын товыг гаргахдаа хууль зөрчсөн. Долоо хоногийн өмнө мэдэгдэж байж гаргах ёстой” хэмээн хойшлуулах хүсэлт гаргахаар болсон тухай эх сурвалж мэдээлэв.
Харин Улсын дээд шүүхээс хурлын товыг гаргахдаа ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй аж. Учир нь гуравдахь өдрийн товыг тавдахид, тавдахийн товыг гуравдахь өдөр гаргадаг юм байна. Энэ дагуу тавдахь өдөр товлогдоод буй Н.Энхбаярын товыг гуравдахь өдөр гаргажээ. Хуралд даргалагч шүүгчээр Х.Батсүрэн оролцоно. Түүнийг хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар буруутган, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (5)