Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох “Гоёл-2013” наадам ирэх сарын 10-15-ны хооронд болох гэж байна. Энэ жил 22 загвар зохион бүтээгч бүтээлээ оролцуулах аж. 21 жилийн түүхтэй тус наадам 2001 оноос эхлэн загвар өмсөгчдөд “Топ модель” өргөмжлөлийг гардуулдаг болсон. Энэ наадмаас “ТОП” өргөмжлөлийг хүртсэн хэнбугайн ч нэр хүнд суга өсдөг жамтай. Тэр хэрээр рекламны ертөнцөд эрэлттэй болдог.
Загварынханы хүсэн хүлээдэг тус наадамд энэ жил загвар өмсөгчид их бэлдэж буй тухай шуум байна. Энэ жил “ТОП” болох магадлал хамгийн өндөртэй байгаа загвар өмсөгчөөр “Эра” төвийн загвар өмсөгч Д.Долгион, мөн тус төвөөс гарсан загвар өмсөгч О.Пүрэвдулам, Туяамаа, Э.Сэлэнгэ, Нора нар тодроод байгаа. Эдний дундаас онцлоход загвар өмсөгч О.Пүрэвдулам хамгийн "шанс"-тай байгаа гэнэ. Тэрээр өөртөө ч их итгэлтэй байгаа тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэрбээр “Би энэ жил топ болно гэдэгтээ итгэлтэй байгаа. Тиймдээ ч хэдэн сарын өмнөөс биеэ бэлдэж, "Акуа" фитнесст хичээллэж, чамгүй жин хаясан. Бэлтгэл сайтай байгаа болохоор энэ жилийн “Гоёл”-ыг авах байхаа” хэмээн өгүүлжээ. О.Пүрэвдуламын хувьд анх 2004 оны “Гоёл” наадмаас эхлэн одоог хүртэл оролцож байгаа. Найм дахь жилдээ оролцож буй загвар өмсөгч бүсгүй бусдаасаа бие хаа, царай зүс, туршлага ,чадвар гээд бүх зүйлээрээ арай л илүү явааг загварын акулууд хэлж байгаа юм. Мөн наадмын эргэн тойронд яригддаг бас нэгэн зүйл бол “Монгол газар”-ын Ц.Мянганбаяртай холбогдсон хүүхнүүд гоёлд түрүүлдэг гэсэн яриа. Гэвч энэ яриаг загварынхан хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй юм.
Гэтэл анх удаа энэ мэдээллийг үндэслэлтэй гэдгийг топ модель Э.Одгэрэл шууд зарласан нь олны үг ортой гэдгийг баталсан. Э.Одгэрэл “Болормаа бид хоёр ярилцаж байгаад “Гоёл” наадамд дахин оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан. Уг наадмын утга учир алдагдаад удаж байна. Одоо цагт Ц.Мянганбаяртай нэр холбогдсон хүмүүс л топ модель болдог болсон байна шүү дээ” гэж ярьсан. Э.Одгэрэлийн хувьд “Гоёл” наадмыг анх зохион байгуулагдаж байсан үе буюу 1988 оноос эхлээд 2008 он хүртэл тасралтгүй орсон. Энэ наадмын хамгийн анхны топ. Түүний хэлсэн “сүүлийн үед” гэсэн үг нь загвар өмсөгч, топ модель Д.Пүрэвсүрэн буюу түүнээс хойшхи топуудыг онилоод байгаа юм шиг. Д.Пүрэвсүрэнгийн хувьд Ц.Мянганбаярын экс эхнэр. Тэрбээр 2006 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байв. Хүмүүс түүнийг хамгийн алдартай топ модель ч гэдэг. Д.Пүрэвсүрэнгээс хойш Г. Уранцэцэг Г.Алимаа, О.Уянга, Ч.Уранбилэг, Э.Сэлэнгэ гэсэн топ төржээ. Харин энэ жилийн топ хэн байх бол? 24tsag.mn ”Топ модель” гэх том гуншинтай, эрх мэдлийн титмийг авах магадлал хамгийн өндөр яваа загвар өмсөгчдийг хүргэж байна.
Загвар өмсөгч Д.Долгион. Түүний хувьд дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигддэг "Miss International 2012" тэмцээнд Монголоо төлөөлж оролцсон. Бас UBS телевизээс зохион байгуулсан ТВ миссийн тэмцээнд түрүүлж байсан. "Эра" төвийн тэргүүн Д.Эрдэнэтуяа шавийгаа энэ жилийн "Гоёл" наадмын хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадна гэж дүгнэж байгаа юм.
"New face 2011" наадмын ялагч Э.Сэлэнгэ. Монголын шилдэг загвар өмсөгчдийн нэг.
Сэтгэгдэл (10)