Н.Энхбаярынхан цугласан Ард түмний их хуралдай дуулиан шуугиантай болж өнгөрөв. 2000 гаруй хүн цугласан энэ хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр ээлжит захиагаа илгээсэн нь тэдний сонирхлыг татсан болов уу. Н.Энхбаярыг суллах ёстой гэсэн шаардах бичиг хүртэл уншсан хурал дээр түүний “илгээлт” гэж нэрлэсэн захидлыг сонирхуулсан нь тэнд буй 2000 гаруй хүний цөсийг хөөргөж байв. Харин энэ удаа Н.Энхбаяр захидалдаа “урвагчдын” тухай тун нухацтайгаар онцолжээ.
Түүний захидал “Монголын түүх урваж шарваагүй байсан цагт ялалтын босоо түүх байдаг” гэсэн айхавтар үгээр эхэлж “Ард түмнээсээ хэзээ ч битгий урваж шарва. Битгий холдож хөндийр. Нам эвслийнхээ үнэт үзэл баримтлалд, эрхэм зорилтоос нэг хурууны дайтай ч битгий урваж шарва” гэх зэргээр үргэлжлэв. Таах гэж ядах юмгүй тэрбээр анх УИХ-ын сонгуульд нэг эвсэл болж ирсэн МҮАН-ын нөхөддөө ийнхүү үгээ хэлэв. Сонирхолтой нь “Шударга ёс” эвслийн хувьд тун их ач холбогдол өгч буй энэ хуралд МҮАН-ынхан ирсэнгүй. Н.Энхбаярыг хэлмэгдүүлээ гэх яриа нь улам суларсаар сүүлдээ бүр дуу нь ч гарахаа байсан Г.Уянга, Д.Батцогт нарын сүүдэр ч энд үзэгдсэнгүй. Орон нутгийн сонгуульд өрх тусгаарлах болсон МҮАН-ын дарга М.Энхсайхан ч алга.
Н.Энхбаярын “Урваж шарваагүй эр зоригтнуудын бат бэх эв нэгдэл ялалтын үндэс, урваж шарвасан аймхайчуудын хуурамч эв нэгдэл ялагдлын үндэс мөн”, “Ард түмнээсээ бүү урвацгаа. Ард түмнийхээ эрх ашгаас бүү урвацгаа”, “...хүн, нам, эвсэл байгуулах нь хамаагүй. Хэлсэн амалсанаасаа буцсан бол ард түмнээсээ ноцтой урвасны нотолгоо” гэсэн үгс чухам л ердөө хэдхэн сарын өмнө ээлжит ийм нэгэн “хуралдай” дээр суудал зэрэгцэн суусан М.Энхсайхан нарт зориулсан гэлтэй. М.Энхсайхан төсөрхөн “Н.Энхбаярыг шүүх хурал нээлттэй болсон. Түүнийг хэлмэгдүүлсэн гэж би хэлж чадахгүй” хэмээх алдарт мэдэгдлээ хийснээс хойш МҮАН албан тушаалын квотод сэтгэл хангалуун бус байгаагаа ил тод илэрхийлсэн, Ц.Цолмон МАХН-д очиж элссэн, орон нутгийн сонгуульд МҮАН салж орох болсон зэрэг сонирхолтой үйл явдлууд шил даран өрнөсөн юм.
Энэ бүхний хариу болгож МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр өнөөдөр эмнэлгийн орон дээрээс хамтрагч нараа “Аймхайчуудын хуурамч эв нэгдэл”, “эвсэл байгуулах нь хамаагүй, амласнаасаа буцсан бол урвасны нотолгоо” зэрэг аянга цахилгаан шиг үгс шидэлж байна. Эвсэл болж сонгуульд оролцсон МҮАН-ыхан өөрийг нь суллуулах талаар хуруу ч хөдөлгөхөө больсонд бухидсан Н.Энхбаярын шүүмжлэл гэж энэ бүхэн уншигдахаас аргагүй. Харин Н.Энхбаярын илгээлт дэхь “Өөрөө, өөрсдөө ч жаргахын тулд албан тушаалд очсон хүмүүс байвал өнөөдөр ажлаа өгцгөө” гэсэн үг хэнд хаяглагдсаныг МАХН-ын цуглуулсан хуралдайн төлөөлөгчдийг эргэлзээнд оруулж орхив. Асуудлыг ийм өнцгөөс тавибал “Монголын төмөр зам”-д очсон М.Энхсайхан төдийгүй, Ч.Улаан сайд, Б.Тулга, Э.Эрдэнэжамъян, О.Чулуунбат зэрэг дэд сайд, Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар гээд эвслээс, тэр тусмаа МАХН-аас албан тушаалд авсан хүмүүс “өөрсдөө жаргах гэж” очсон уу гэдэг асуулт давхар тавигдах болно.
21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл ирсэн гэх “Шударга хуралдай”-н үндсэн илтгэлийг тавьсан МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва удирдагчийнхаа дэндүү хатуу үгтэй илгээлтийн зарим санаанд хариу тайлбар хийх гэж оролджээ. Дээр дурдсан “урвагчдын” тухай шүүмжлэлд тэрээр “Албан тушаал бидний амыг хаахгүй. Хэлмэгдүүллийн эсрэг хэлэг үгээ үдүүлэхгүй” гэж мэдэгдлээ.
Н.Энхбаярын бас нэгэн эшлэлд хуралдайнхан алга ташин уухайлав. “Ардчиллыг ярьж гарч ирчихээд ардчиллаас урвах юм бол монголчуудын ярьдагаар “зэрлэгшсэн нохой чононоос илүү аюултай” гэж ярьдагтай адил хамгийн аюултай урвагчид болно гэжээ. Та бид ардчиллыг ярьж гарч ирэгчид биш” хэмээн засагт эвссэн АН-ынханд үг хаяж байх юм. “Шударга ёс” эвсэл бол АН-ын гол хамтрагч. Харин МАХН хуралдайнхаа индрээс хамтрагчаа мөн урвагчаар нь дуудаж эхэлжээ. Орон нутгийн сонгуульд сөрөг хүчний дүрээр урвагчдыг хайн илрүүлэх тактиктай МАХН-ыг оролцуулахаар Н.Энхбаяр шийдсэн бололтой. Н.Энхбаяраас урвагсдыг илрүүлэх далимд эрх баригчдыг шүүмжилнэ гэсэн үг. Сонгуулийн халуурал, сонирхолтой сэдвийг дахин Н.Энхбаяр дээр фокуслахаар тэд тооцжээ. Өнөөдөр засгийн эрх хамтран барьж байгаа субъектуудын нэг нь яаж ч харлаа гэсэн МАХН. МАХН бол эрх баригч мөнөөс мөн. Харин өнгөрсөн бямба гарагт “Аса” циркт цугласан эрх барилцаж буй хүчний төлөөлөгчдийн амнаас эрх баригчдыг хатуу ширүүнээр, заримдаа хараан зүхэж шүүмжилсэн үгс унаж байсан нь сонирхол татаж байна.
Орой 18 цаг өнгөрөхөд хурал даргалагчийн мэдэгдсэнээр хуралдайн төлөөлөгчдийн тал илүү нь таран одсон байсан ч тэд шаардлага, бүх нийтийн санал асуулгын агуулгыг батлаад албан ёсоор “Бүх ард түмний” 4 дэхь хуралдайг хаажээ.
Н.Энхбаяр “Урвагчдад эх орон байхгүй, тэдэнд ард түмэн байхгүй. Тэд албан тушаал, ашиг хонжооны төлөө л улайрна. Тэд албан тушаалгүй бол хэн ч биш болно” гэж чухам хэн хэнд хандаж хэлсэн бэ? Одоо албан тушаалгүй хэн ч биш болсон хүмүүсийн жагсаалтыг хэн тэргүүлж байгаа билээ?
Сэтгэгдэл (26)