Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойргийн хороо МАХН-аас нэр дэвших 12 хүнийг бүртгэхээс татгалзсан. Энэхүү хууль бус ажиллагааг эсэргүүцэн МАХН-ынхан өчигдөр МАН-ын байрны урд талд буйдантай жагссан билээ. Мөн өчигдөр 13.00 цагт Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хурал болсон юм. Хуралд МАХН ялалт байгуулж, нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг хүчингүй болгожээ. Ингэснээр тус дүүргийн сонгуулийн тойргийн хорооны ИТХ-д МАХН-аас нэр дэвшсэн Ц.Чулуун, Э.Мөнхзул, Д.Наранцацрал, Э.Буянбаатар, А.Энхбат, Ш.Алтаншүр, Г.Баянбаатар нарын есөн хүн нэрээ бүртгүүлж, албан ёсоор өрсөлдөх эрхээ баталгаажуулсан юм.
Үүнтэй холбогдуулан МАХН-ын Намын байгуулалтын албаны дарга Ц.Чулуунтай уулзаж шүүх хурлын талаар тодруулахад “Сүхбаатар дүүргийн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр Сүхбаатар дүүргийн орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшээд нэрээ бүртгэхээс татгалзуулсан 12 хүний асуудал тавигдсан. Үүнээс 9 хүний асуудлыг хэлэлцсэн шүүх хурал боллоо. Сонгуулийн тойргийн хорооноос МАН-ын гишүүдээс эдгээр хүмүүсийг намаасаа гараагүй гэж мэдэгдэж, өөрсдийнхөө гаргасан тогтоолыг хамгаалсан. Харин МАХН-аас нэр дэвшсэн хүмүүс МАН-аас гарсан байсан. Үүнийгээ өнгөрсөн 9-р сарын 17-нд хэвлэл мэдээллээр илэрхийлсэн. Сүхбаатар дүүргээс МАН-аас 300 гишүүн гарлаа гэсэн мэдээлэл гарсныг шүүх хуралд оролцсон иргэдийн төлөөлөлд танилцуулсан. МАН-ын дүрэмд нийцүүлсэн буюу бичгээр хүсэлтээ гаргаж 9 сарын 28-нд намын бат илэрхийллээ хураалгасан байгаа. Эдгээр нотлох баримт бидэнд байсан учраас үүнийгээ шүүх хурал дээр гаргаж тавьсан. Нөгөө талаар МАН-ын хороо, зарим анхан шатны байгууллага, үүрүүд хуралдаж нэр бүхий эдгээр хүмүүсийг намаасаа хассан тогтоол, шийдвэрийг гаргасан байсан. Тэр тогтоол шийдвэр бидэнд байсан учраас үүнийгээ тойргийн сонгуулийн хорооны мэдэгдлийн эсрэг тавьсан. Эдгээр нотлох баримтад тулгуурлан нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс МАХН-аас нэр дэвшсэн хүмүүсийг сонгуульд өрсөлдөх, сонгуулийн тойргийн хороонд нэрээ бүртгүүлэх нь зөв гэж үзсэн. Харин тойргийн хороог нэг талыг баримталсан, нэг намыг дэмжсэн шийдвэр гаргасан, хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн байна хэмээн дүгнэсэн.
Сүхбаатар дүүргийн тойргийн сонгуулийн хороо МАХН-аас нэр дэвшсэн эдгээр хүмүүсийг хассан тогтоолыг хүчингүй болгож, буцааж нэр дэвшүүлэх эрхийг баталгаажуулж өгсөн шийдвэр гаргалаа. Сүхбаатар дүүргийн сонгуулийн хорооны буруу шийдвэрийг хуулийн дагуу шийдсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийнхний шударга шийдвэрт талархаж байна” гэлээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)