Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын Барилгын салбарт ажиллаж буй гадаадын иргэдийг шалгах удирдамжийн дагуу 10 дугаар сарын 15-31-ний өдрүүдэд хийсэн шалгалтын хүрээнд тус салбарт хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын 65 иргэнийг албадан гаргалаа. Эдгээр иргэн манай улдсад бизнес ангиллын 30 хоногийн визээр орж ирсэн байжээ.
Дээрх иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан аж ахуйн нэгжийг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”д заасны дагуу 21 сая төгрөгөөр торгосон байна.
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, хэрэгцээ шаардлагатай мэдээллийг нээлттэй байлгах зорилгоор 18 32 дугаарын утсаар зөвлөгөө өгч, иргэдийн санал бодлыг сонсч мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа аж. Мөн иргэдэд зөвлөгөө өгөхөөс гадна гадаадын иргэдийн визийн зөрчлийн мэдээллийг хүлээн авч тус газрын Хяналтын хэлтэст хугацаа алдалгүй мэдэгдэж, шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа юм байна.