Зах зээл, нөлөөлөл нь улам бүр нэмэгдэж байгаа сэтгүүл зүйн салбарын эрх зүйн орчныг зохицуулах Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл удаан дуншиж байна. Энэ хуулийн төсөлд ямар зохицуулалт байх шаардлагатай тухай “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэргэдэх “Иргэний танхим”-д болж байна.
Хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлч, редакцийн хараат бус байдлын тухай сэдвийг хамгийн их хөндөж байлаа. Сэтгүүлчдийг ажлаа хийж байхад нь эх сурвалжаа хэл, мэдээллээ устга, сэтгэдлийг нь хаа гэх зэрэг тулган шаардах явдал байнга тохиолдож байдаг. Уг нь сэтгүүлч хүн шүүгчийн шаардлагаар л эх сурвалжаа ил болгох эрхтэй. Ялангуяа улс төрчдийн хувьд өөрийнх тухай сөрөг мэдээллийг “дарах” сонирхолтой байдаг. Сэтгүүлч Д.Оюунцэцэг “Сэтгүүлчидэд хамгийн их халддаг нь улс төрчид. Эрх баригчид өөрсдийгөө мөнхийн энхийн цагаан тагтаа шиг байх ёстой гэдэг. Хараат бус редакцитай бол сэтгүүлч нь улс төрчийг магтан дуулах болдог. Мөн нэр хүндэд халдсан, гүтгэсэн гэсэн Эрүүгийн зүйл, заалтаар сэтгүүлчдийг яллаж байгаа нь ардчилсан нийгэмд байж болохгүй асуудал. Үүнийг иргэний хуулиар эсвэл сэтгүүлчдийн байгууллагаар дамжуулан зохицуулах боломж бий” гэв. Мөн үүний зэрэгцээ МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Олсон мэдээллээрээ бусдыг шантаажилж, мөнгө олох гэсэн сэтгүүлчид байдаг. Үүнийг сэтгүүлчдийн байгууллага нь зохицуулах ёстой” гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр “За” телевизийн захирал болон сэтгүүлчид хоорондоо хараат бус байдлын гэрээ байгуулсан нь өнөөг хүртэл зөрчигдөөгүй байгааг жишээ болгон дурдаж байлаа. Тус телевизийн захирал, хөрөнгө оруулагчид нь нийтлэлийн бодлогод оролцохгүй, нөлөөлөхгүй гэсэн заалт оруулсан нь шинэлэг алхам болжээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн М.Батцэцэг, Г.Уянга, А.Бакей болон сэтгүүлчдийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.
24tsag.mn