Өнгөрсөн хоёрдугаар сард Налайх дүүрэгт олон нийтийг цочроосон аймшигт хэрэг гарсан. Уг хэргийг А.Бат-Ялалт гэгч үйлдсэн билээ. Тэрээр тус дүүргийн “Хаан” банкны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн. Мөн зугатаж явахдаа таксины жолоочид буу тулгасан юм. Ингээд халдлагад өртөж амиа алдсан талийгаачийн эхнэрийн эгч П.Тунгалагтай ярилцлаа.
-Хэрэг гараад их удаж байна. Энэ хугацаанд А.Бат-Ялалтын гэрийнхэнтэй уулзсан уу. Сэтгэл санааны нөхөн төлбөрөө гаргуулсан уу?
-Одоогоор алга байна. Бид хохирлын хэмжээг тогтоогоод өгчихсөн байгаа. Гэхдээ хохирол гэж ярихад бидэнд утгагүй байна. Хүнээ алдсан бидэнд түүнээс илүү хохирол гэж юу байхав дээ. Шүүх хурал дээр л харлаа. Их ёс зүйгүй хүмүүс харагдаж байна. Ийм айлаас алуурчин төрөлгүй яахав дээ. Оршуулганы зардал ч бүрэн бүтэн төлөөгүй байж, өнөөдөр гурван өмгөөлөгч авчихсан байна. Хийсэн хэрэг нь тодорхой, хүний амьдарлыг яаж балласан билээ. Тийм байж гурван өмгөөлөгчтэй. Гурван өмгөөлөгч авснаас гурван зул асаасан ядаж сэтгэл нь ариусах байсан байх даа. Энэ айлаас ийм алуурчин төрөх нөхцөл бүрдэлгүй яахав. Эцэг, эх нь өөрсдөө алуурчин хүмүүжүүлэхээр хүмүүс байна.
-Хэвлэлээр А.Бат-Ялалтыг талийгаачийн эхнэртэй хувийн өс хонзонтой байсан гэсэн?
-Тийм зүйл байхгүй. Хоёр сая төгрөгний төлөө л хүний аминд хүрчихлээ гэж хэлээд л сууж байна шүү дээ. Буу бэлдээд банк руу халдчихаад хүний амийг санамсаргүй хөнөөчихлөө гэж байгаа юм. Энийг санамсаргүй гэж хэлж болох уу?
-Тухайн үед талийгаач “Хаан” банкинд юу хийж байсан юм бол?
-Эхнэр нь тус банкны салбарын захирал хийдэг. Тэгээд эхнэрийнх нь бие нь муу болохоор эмнэлэг авч явахаар үүдэнд нь хүлээгээд сууж байсан юм. Яг тийм халуун цэг рүү хүний нөхөр л орж байна. Хаалгыг нь цоожилчихсон, эхнэр нь дотор орилоход нөхөр нь л ордог юм байна.
-Одоо дүүгийн чинь биеийн байдал ямархуу байгаа вэ?
-Муу байна. Байн байн ухаан алдаж унаад байгаа. Сэтгэлийн их дарамттай. Уржигдар нөхрийнхөө газарт очоод ирсэн. Тэгээд даралт нь бүр ихсээд байна. Ер нь л энэ айлын амьдрал орвонгоороо эргэчихээд байна. Үүнээс болж ээж маань сэтгэлээр унаж, хорт хавдартай болсон. Дүү маань харахад л амьд болохоос үхсэнээс наагуур болчихоод байна. Нэгийг нь санаатай, нэгийг нь санамсаргүй алчихаад байна шүү дээ. 48 размерийн юбка өмсдөг байсан бол одоо 44 размерийг өмсөж байна.
-Талийгаач хэдэн хүүхэдтэй байсан юм бэ?
-Гурван хүүхэдтэй. Хүү нь сая Орост сурахаар явсан. Тэгээд том охин нь, найман настай охин нь ээжийгээ хараад үлдэж байна. Одоо найман настай охин нь “Манай аав дулаахан байсан тэ” гээд аавыгаа нэхэж эхэлж байна. Ач нь хүртэл өвөөгөө нэхээд байна. Бидэнд үнэхээр хэцүү байна. Тэр өдөр охин нь цамцныхаа товчийг барьчихсан “ааваар хадуулах гэж байгаа юм” гээд л бариад явж байсан шүү дээ.
-Өмгөөлөгчийн зүгээс А.Бат-Ялалтад цаазын ял оноох болов уу гэж байсан?
-Биднээс хамгийн үнэтэй зүйлийг минь аваад явсан ш дээ. Тэгэхээр хуулийн дагуу шийдэх байх.
-А.Бат-Ялалт Налайх дүүргийн иргэн үү?
-Үгүй. Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг юм билээ. Судалж, судалж тайван амгалангаар нь Налайх дүүргийн сонгосон юм шиг байгаа юм. А.Бат-Ялалтын тодорхойлолтыг харахад гадаадад сургууль төгссөн мундаг тодорхойлолт байсан.
-Одоо дүү тань ажлаа хийж байгаа юу?
-Хийж байгаа. Гэхдээ хүндхэн байдалтай л байгаа ш д. Хаалгаараа орохоос ч айдастай. Гэвч хийхгүй гээд яахав. Цаана нь гурван хүүхэд нь байна шүү дээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (9)