Сайхан залуу шалгаруулах “Дэлхийн мистер” тэмцээн 1996 оноос хойш зургаан удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү тэмцээнд дэлхийн бүхий л улс орноос оролцдог. “Дэлхий мисс” тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Жулиа Морлия энэхүү тэмцээнийг бас зохион байгуулдаг. Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн тэмцээн Английн Кент хотноо энэ сарын 24-нд болно. Энэхүү тэмцээн нь эрэгтэйчүүдэд зориулсан дэлхийн чансаагаараа нэгдүгээрт бичигдэх тэмцээн юм.
Харин энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлж загвар өмсөгч Энхтуяагийн Энхболд оролцож байгаа юм. Түүний хувьд анх 2008 оноос “Монгол модель” агентлагт орж, загварын ертөнцөд хөл тавьсан юм. Тэрбээр 1987 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр төрсөн бөгөөд 2005 онд Нийслэлийн 62 дугаар сургуулийн дүүргэжээ. Түүнийг найзууд нь “Эндого” гэдэг.
Тэрбээр топ модель Д.Пүрэвсүрэнгийн хамтаар “Говь” брэндийн нүүр царайгаар тодорсоноор олны анхааралд анх өртсөн.
Тэрбээр олон мэргэжилтэй. 2008 оноос загвар өмсөгчөөр ажиллаж байгаа бөгөөд үүнээс өмнө СУИС-ийн дуулаачийн ангид нэг жил суралцжээ. Дараа нь “Монголжингоо” дээд сургуулийг урлаг судлаач, дуучин, жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Харин өдгөө СЭЗДС-д Бизнес удирдлагын ангид суралцахын зэрэгцээ “Моннис” компанийн борлуулалтын хэлтэст ажилладаг.
Дуулах хүсэл түүний хувьд загварын тайзнаас ч үнэтэй байж мэднэ. Тэрбээр саяхан “Камертон-2” шоунд оролцохоор бүртгүүлсэн байсан ч олны хэл амнаас зугатан нэрээ хасуулсан аж. Ямартай ч, дээр дурдсан их ажлын хажуугаар хэзээ нэгэн цагт дуучны карьер эхлүүлэх мөрөөдөл түүнд бий. Гэхдээ тэр мөрөөдлийнхөө захаас амссан нэгэн. Тэр өмнө нь гурван найзтайгаа хамтран хамтлаг байгуулсан бөгөөд гурван ч аймагт бие даасан тоглолтоо зохион байгуулж байжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-ын “Korean model association”-ы шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарсан Монголын анхны эрэгтэй загвар өмсөгчдийн нэг бөгөөд энэ түүний хувьд олон тэмцээнд гаргасан томоохон амжилтуудын нэг юм.
Ийнхүү энэ удаагийн тэмцээн загвар өмсөгч Э.Энхболд маань амжилт гаргавал монголын залуучуудын амжилтын буухайг эхлүүлэх байх аа.
Сэтгэгдэл (7)