Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүндэтгэлийн хурал төрийн ордны их танхимд өнөөдөр зохион байгууллаа. Есөн хөлт цагаан тугаа хоймроо залж, хүндэт харуул зогсоон, Их Монгол Улсын төрийн дуулал “Эрдэнийн сайхан”-ыг морин хуурын хослолтой эгшиглүүлснээр хүндэтгэлийн хурал эхлэв.
Хүндэтгэлийн
хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж, Чингис хааны
одонтнууд буюу Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь
Ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
Улсын бага хурлын дарга, Монгол Улсын дэд Ерөнхийлөгч асан Р.Гончигдорж,
төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нар үг хэллээ.
Үүний дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Тэмүжин-Чингис бол
Монголчууд бидний хаан бахархал” хэмээх үгээ хэллээ. Ерөнхийлөгчийг үгээ хэлж дуусахад Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, хурлын ажиллагаа өндөрлөв.