”ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” (2017.04.06-07) сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө.
2017-04-07

Монгол-Японы төв энэ удаа “Хүний нөөцийн менежмент” сэдэвт бизнесийн суурь мэдлэгийн сургалтыг 4 дүгээр сарын 6-наас 7-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Монголын аж ахуйн нэгж, байгууллагын 20 гаруй удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежерүүд хамрагдлаа.

Сургалтыг Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, “Жинзай Жапан” ХХК-ийн захирал Д.Дашмаа амжилттай зааж явууллаа. Дашмаа багш нь Монголын томоохон компани болох “Бридж групп”-ийн Хүний нөөцийн газарт олон жил ажилласан, хүний нөөцийн чиглэлээр Япон улсад дадлага сургалтуудад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн, олон арван судалгааны ажил дээр ажиллаж байсан арвин туршлагатай багш юм.

Энэхүү сургалтаар хүний нөөцийн удирдлагын талаар суурь ойлголт, хүнээ хэрхэн сонгон шалгаруулах, ажлын байрны манлайлал ба идэвхжүүлэлт, японы хүний нөөцийн менежментийн товч ойлголт, хүний нөөцийн үнэлгээ, хүний нөөцийн сургалт, хөгжлийн талаарх ойлголтуудыг багийн дасгал ажил дээр тулгуурлан дэлгэрэнгүй заалаа. Хүний нөөцийн тулгамдсан асуудлуудыг бодит жишээгээр тайлбарлан, тэрхүү асуудлуудыг суралцагсдад өөрсдөө биеэрээ мэдрэх боломжийг олгож, “Хүн бол нөөц, баялаг” гэдгийг ойлгуулсан нь нийт суралцагчдаас үр дүнтэй сургалт боллоо гэсэн үнэлгээг аваад байна.

 

Манай дараагийн бизнесийн суурь мэдлэгийн сургалт “Үйлдвэрлэлийн удирдлага” сэдвээр 4 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу. http://www.japan-center.mn/content/22248.shtml