“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2017-12-15

Монгол-Японы төвийн ээлжит бизнесийн сургалт “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА” сэдвийн дор 12 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүдэд  амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү сургалт нь үйлдвэрлэлийн удирдлагын талаарх ерөнхий ойлголт, чанарын удирдлага, Япон маягийн менежмент болон 5S-ийн талаар ойлголттой болж, өөрийн компанидаа хэрэгжүүлж чадахуйц мэдлэгтэй болохыг хүссэн хүн бүрт зориулсан онол дадлагыг хослуулсан сургалт юм. Монгол улсад үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед нэн шаардлагатай сургалт бөгөөд энэ утгаараа сургалтад хамрагдахыг хүссэн байгууллага, аж ахуйн нэгж байгууллага маш их байсан юм. Энэ сургалтын онцлог нь Монгол, Япон багш нар онол дадлагын хичээл орж, “Монос” эмийн үйлдвэр дээр очиж, үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдалтай танилцсан явдал байлаа.

Энэхүү сургалтыг голлон заасан Масүда Казүми багш нь Панасоник корпорацийн үйлдвэрлэлийн салбарт  олон ажилласан үйлдвэрлэлийн арвин туршлагатай хүн бөгөөд Монгол улсад 3 дахь жилдээ ирж “Үйлдвэрлэлийн удирдлага” сэдвээр ахисан түвшний сургалт болон ажлын байрны сургалтыг удирдан явууллаа. Жил ирэх тусам Масүда багшаар хичээл заалгах хүсэлтэй үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо нэмэгдсээр байгаа ба энэ жилийн хувьд мөн адил багш маань 6 өдрийн турш маш завгүй хөтөлбөрөөр сургалтаа явууллаа. 

Уг хичээлийн орчуулагчаар ажилласан Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш,  “HQT” ХХК-ийн захирал Ш.Алтанхуяг багш хичээлийн нэгэн хэсгийг удирдан явуулсан бөгөөд үйлдвэрлэлийн салбарын мэдлэг туршлага болон орчуулагчийн ур чадвар, суралцагчдаа хичээлд татан оролцуулах чадвар зэргээрээ өндөр үнэлгээ авсан юм. 

Хичээлийн сүүлийн өдөр дотоодын компанийн жишээ танилцуулга болгож “Шилэн хийц” ХХК-ийн захирал Д.Гантулга компанийхаа туршлагаас хуваалцсан нь сургалтын нэгэн онцлог болсон юм. Гадны том корпорацийн бодит жишээг сурч мэдэн, түүнээс үлгэр дуурайлал авах нь сайн хэрэг, үүний хажуугаар дотоодын амжилттай яваа компанийн туршлагыг сонссон нь сургалтад хамрагдагсдад маань илүү ойр бөгөөд сургамжтай байлаа.

Сургалтын маань нэгэн онцлог нь “Монос” эмийн үйлдвэртэй танилцах дадлага байлаа. Үндэсний эм үйлдвэрлэлийн томоохон төлөөлөл болсон уг үйлдвэр нь  GMP стандартыг нэвтрүүлж олон улсын стандартад нийцсэн эмийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангаж байгаа ба цэвэр цэмцгэр үйлдвэрлэлийн байр, дамжлага, ажилчдын соёл зэрэг манай сургалтад хамрагдагсдад суралцах зүйл их байлаа. 

Энэ удаагийн “Үйлдвэрлэлийн удирдлага” сургалт ийнхүү өндөрлөсөн боловч Масүда багш маань ирэх оны 6 сард ахин манай улсад ирж “Тоёота үйлдвэрлэлийн аргачлал” сургалтыг удирдан явуулах тул багшийн сургалтад хамрагдах хүсэлтэй үйлдвэрлэл эрхлэгчид маань тухайн үед бидэнтэй холбогдоорой. 

Энэ оны Монгол-Японы төвийн бизнесийн ахисан шатны сургалт үүгээр өндөрлөж байна. Ирэх оны сургалт 2018 оны 1 дүгээр сарын  15-аас 19-ний өдрүүдэд Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрхэн ашиглах вэ? буюу EPA сургалтаар эхлэх тул Япон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах хүсэлтэй компани, үйлдвэрлэл эрхлэгч та бүхэн өргөнөөр хамрагдаарай. 

Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг http://www.japan-center.mn/content/22480.shtml холбоосоор орж авна уу. 

Мөн уг сургалтын НЭЭЛТТЭЙ СЕМИНАР-т оролцохыг хүсвэл ЭНД дарна уу.

“ЕРА” СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScBcRkHSbF4P0o6UIs37NWahVoVI8K01J0-0atC_6FK2wD_Mg/viewform