НОМЫН САН


2002 оны 9-р сараас үйл ажиллагаагаа эхэлсэн ба Монголын хамгийн анхны нээлттэй номын сан билээ. Жилээс жилд үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр байна. 
  • НОМЫН САНД БҮРТГҮҮЛЭХ
    • Та юуны өмнө уншигчийн үнэмлэх нээлгэх хэрэгтэй. Үүний тулд:

      1.Бүрдүүлэх материал:
      -Иргэний үнэмлэх (Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ)
      -Ажлын газрын болон сургуулийн үнэмлэх (Дунд сургуулийн сурагч бол сургуулийн тодорхойлолт, ажил эрхлээгүй бол оршин суугаа газрын хорооны тодорхойлолт)
      Хураамж: Дунд сургуулийн сурагч: 3000 төгрөг
            Оюутан болон бусад: 4000 төгрөг  

      2.Үнэмлэх нээх цаг:
      Өвлийн цагийн хуваарийн дагуу:  Даваа                   14:00 - 17:30
                                                          Мягмар-Баасан    10:30 - 17:30
          Бямба                  10:30-16:30
      Зуны цагийн хуваарийн дагуу:      Даваа-Баасан       10:00 - 17:30
      Үнэмлэхний хүчинтэй хугацаа нэг жил бөгөөд дахин нээлгэх болон сунгуулах тохиолдолд иргэний үнэмлэхээ /төрсний гэрчилгээ/ авчирна уу. 

      3.Уншлагын танхимаар үйлчлүүлэх:
      -Уншигчийн үнэмлэхээ номын сангийн ажилтанд шалгуулан,      суудлын дугаар авах.
      -Дугаарын дагуу цүнх хадгалах саванд цүнх болон гар тээшээ хийн  түгжиж, тэр даруйдаа түлхүүрээ номын сангийн ажилтанд өгөх.
      -Уншигчийн үнэмлэхээ үнэмлэх байрлуулах х
      эсэгт заавал  байрлуулах.
      -Уншлагын танхимаас гарах үед номын сангийн ажилтанд дугаараа хүлээлгэн өгч, түлхүүрээ авах.
      -Цүнх хадгалах саваа бүрэн суллаж, түгжиж орхих.
      -Уншлагын танхимаас гарахдаа уншигчийн үнэмлэхээ марталгүй  биедээ авч гарах.

      Жич: Уншлагын танхимын залгуурыг ашиглуулах боломжгүй тул зөөврийн компьютероо цэнэгээр нь ажиллуулна уу.
  • НОМ ТОВХИМОЛ ХАЙХ
    • 1.Бүх номыг төрөлжүүлэн кодлож, тавиур тус бүрээр ангилсан байгаа тул төрлөөр нь хайж болно.
      2.Электрон каталоги болон интернэтээс ном товхимол хайх бол
      энд дарна уу.
      Жич: Уншиж ашиглаж, дууссаны дараа ном, товхимолоо “Буцаах тавиур”-т тавина уу.


      Төрөл Ангилал Код Хэл Тоо
      Ном товхимол Бусад 010 Япон, Англи 366
      Толь бичиг 030 Япон, Монгол, Англи 367
      Монголын тухай 090 Япон 167
      Түүх 200 Япон 106
      Менежмент 300 Япон 147
      Эдийн засаг 330 Япон 120
      Статистик 350 Япон 125
      Нийгэм 360 Япон 166
      Шинжлэх ухаан 400 Япон 173
      Мэдээллийн технологи 545 Япон 133
      Хүүхдийн ном 555 Япон, Монгол 534
      Үйлдвэрлэл 600 Япон 46
      Санхүү 650 Япон 194
      Соёл урлаг 700 Япон 929
      Япон хэл 810 Япон, Монгол 553
      Монгол хэлээр гарсан ном 890 Монгол 559
      Уран зохиол 900 Япон 371
      Зурагт ном 910 Япон 392
      Англи хэлээр гарсан ном 990 Англи 640
      Зохиолын жижиг номууд
      Япон 892
      Японы их дээд сургуулийн танилцуулах материал
      Япон, Англи 2491
      Аудио видео материал Япон хэлний сургалтын видео болон хуурцаг
      Япон 500
      Японы хүүхэлдэйн болон олон ангит кино
      Япон 6
      Японд суралцах мэдээллийн яармагийн бичлэг
      Монгол орчуулга
      Япон орны танилцуулга (ЖАЙКА-н цуврал DVD)
      Япон, Англи, Монгол 300
      Сэтгүүл Сар тутмын Япон сэтгүүлүүд
      Япон, Англи 4766
  • ИНТЕРНЭТИЙН ХЭСЭГ
    • Япон, Монгол, Англи хэлний фонттой, интернэтэд холбогдсон 7 компьютертай.
      Интернэт болон компьютер ашиглах тохиолдолд уншигчийн үнэмлэхээ номын сангийн ажилтанд өгч, цагаа тэмдэглүүлнэ.

      Төлбөр: 1 цаг 400 төгрөг (15 минут тутмаар тооцно)

      Төлбөрөө интернэт болон компьютер ашиглаж дууссаны дараа төлнө.
      Урьдчилсан төлбөрт карт худалдан авч хэрэглэх боломжтой. 10-аас дээш цагийн карт авсан тохиолдолд үнэгүй 1 цагийн урамшуулалтай.
       
  • ВИДЕО ХЭСЭГ
    • Номын санд суурилуулсан орчин үеийн аудио, видео төхөөрөмжүүд дээр япон хэлний сургалтын видео хуурцаг, японы хүүхэлдэйн болон олон ангит кино, баримтат киноны бичлэгүүдээс үзэн, ярианы болон сонсох чадвараа сайжруулах боломжтой.

      Аудио, видео бичлэг ашиглах бол:
      Каталогоос сонирхсон бичлэг, киногоо сонгоно. Захиалгын хуудсанд үнэмлэх болон DVD, VCD-ний дугаараа тэмдэглэж, уншигчийн үнэмлэх болон барьцааны 1000 төгрөгийг номын сангийн ажилтанд хураалгана. Үзэж дууссаны дараа барьцааны 1000 төгрөгийг буцаан олгох болно. Сургалтын хуурцаг, бичлэг ашиглах үед зөвхөн уншигчийн үнэмлэхээ номын сангийн ажилтанд хураалгана.

      Жич: Гаднаас хувийн хуурцаг, DVD, VCD оруулахыг хориглоно.

  • ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ
    • Уншигчийн үнэмлэхний үнэ:
      - Дунд сургуулийн сурагч-2000 төгрөг 
      - Oюутан болон бусад-3000 төгрөг

      Та уншигчийн үнэмлэх нээлгэсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд үйлчлүүлэх эрхтэй.

      Интернэтийн үнэ: 1 цаг 400 төгрөг
      Уншигчийн үнэмлэхтэй хүн ашиглах боломжтой бөгөөд минутаар тооцоо хийхгүйг анхаарна уу.

      Хэвлэх үйлчилгээний үнэ:
      - хар цагаан 1 нүүр: 100 төгрөг 
      - өнгөт 1 нүүр: 500 төгрөг
      Та интернэтээс хэрэгтэй материалаа хэвлэн авах боломжтой.

      Ном гэрээр олгох үнэ:
      - 1 хоног 1 ш ном-400 төгрөг
      - Япон хэлний сурах бичгийн CD, DVD, сургалтын хуурцаг: 1 хоног 1 ш -400 төгрөг (Зөвхөн ЖАЙКА-ийн мэргэжилтэн болон япон хэлний багш нар авах боломжтой.) 
      - Буцаах хугацаа хэтэрвэл 1 ш материал, ном товхимол өдрийн 500 төгрөгний торгууль нэмж төлөх шаардлагатай.

      Хувилах үйлчилгээний үнэ:
      - хар цагаан А4 1 нүүр: 50 төгрөг 
      - хар цагаан А3 1 нүүр: 100 төгрөг 
      - өнгөт А4 1 нүүр: 600 төгрөг
      - өнгөт А3 1 нүүр: 1200 төгрөг

      Номын сангийн материалаас хэрэгтэй хэсгээ хувилж авах боломжтой.

      - "Захиалгийн хуудас"-нд хувилах хэсгээ тэмдэглэн, номын сангийн ажилтанд өгнө. 
      - Хувилах материалыг номын сан хаахаас 15 минутын өмнө хүртэл хүлээн авна.
      - Зохиогчийн эрхийн хуулийн үүднээс нэг номноос 50 хүртэлх хуудас хувилна.
      - Нэг удаад 3-аас илүүгүй ном хувилна.
  • ЯПОНД СУРАЛЦАХ МЭДЭЭЛЛИЙН БУЛАН
    • Японы улсын болон хувийн мөн орон нутгийн 200 орчим их, дээд сургууль, коллежийн танилцуулга, материалтай чөлөөтэй үзэж танилцах боломжтой.

      - Улсын сургуулийг шар өнгөөр, хувийн болон орон нутгийн сургуулийг цагаан өнгөөр ялган үсгийн дарааллын дагуу, япон англиар нэрийг нь бичсэн тул хайхад хялбар болно.

      - Материалууд жил бүр шинэчлэгдэн ирдэг. 

      - Хавтас тус бүрд тухайн сургуулийн танилцуулга, сургуульд элсэх өргөдөл зэрэг бий. 

      - Номын тавиурын “Японд суралцах мэдээлэл”-ийн хэсэгт их дээд сургууль, коллежийн лавлагааны ном бий бөгөөд жил бүр шинээр ирдэг.


  • ЛАВЛАГАА ӨГӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
    • Тус номын сангаас үйлчлүүлэгчиддээ зориулан дараах 2 төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

      Интернэтээс мэдээлэл хайж, олж өгөх.

      -Та энэ үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл хайж буй мэдээллийнхээ талаар 
       "хүсэлтийн хуудас"-нд дэлгэрэнгүй бичиж, тэмдэглэх хэрэгтэй. 

      - Бид таны хайж буй мэдээллийг япон эсвэл англи хэлээр интернэтээс хайж, 
        ажлын 5-7 өдөрт олж өгөх болно.

      - Мэдээлэл олдсон эсэх талаар номын сангийн ажилтан утсаар мэдэгдэх болно.

      Японд суралцуулах талаар мэдээлэл өгөх.

      - Улсын зардлаар суралцахыг хүсэгчдэд Монгол дахь Японы Элчин Сайдын      
        Яамнаас эмхэтгэн гаргасан гарын авлагатай танилцахыг санал болгож байна.

      - Номын санд буй Японы 200 орчим их дээд сургуулийн материалтай танилцах 
        боломжтой.

      - Японд суралцуулахтай холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дахь Японы   
        Элчин Сайдын Яамны цахим хуудаснаас харна уу.

      Жич: Монгол-Японы Төв нь Японд суралцуулах талаар зуучилдаггүй болно.
  • ТАНД САНАЛ БОЛГОЖ БУЙ ЭНЭ САРЫН НОМ
    •    2016 оны 3-р сар 

       

      Номын нэр: “Анхны тусламж” хүүхдийн зурагт ном
      Зохиол: Ямада Макото
      Зураг: Ягиюү Гэничитаро
      Хэвлэлийн газар: Fukuinkan Shoten Publishers
      Хэвлэгдсэн огноо: 1987 он
      Хэмжээ: 260х230 мм
      Хуудасны тоо: 28
      ISBN: 978-4-8340-0695-7  
      Номын дугаар: 555

          Хүүхэд гадаа гэрт тоглоход гараа зүсэх, гараа хаалганд хавчуулах, зөгийд хатгуулах, гартаа өргөс оруулах, хамраас цус гарах зэрэг асуудал байнга л тохиолдож байдаг. Энэ номыг үзсэнээр ээж хүүхэд хоёулаа тиймэрхүү үед барьц алдалгүйгээр зөв арга хэмжээ авч сурна. Бид хамраас цус гарахад дээшээ хардаг шүү дээ. Гэтэл энэ номонд үүнийг буруу гэжээ. Энэ маягаар анагаах ухаан талаас зөв зөвлөгөөг унших боломжтой. 

           Хүүхдийн сонирхолд нийцэхүйц хялбар зурагтай, эмийн нэр зэргийг эс тооцвол ойлгомжтой товч тексттэй. Төгсгөлд нь эм, шархны боолт зэргийн тайлбар, ээж нарт зориулан нэмэлт мэдээллийг оруулжээ.  

           4-өөс дээш насны хүүхдэд зориулагдсан бөгөөд ээж аав нь хүүхдэдээ ямар ч үед уншиж өгч болно. Үлгэр мэт үргэлжилсэн үйл явдалтай биш тул өдөр өдөрт аль нэг хэсгийг, жишээ нь: хамраас нь цус гарсан өдөр холбоотой хэсгийг сонгон уншиж өгч болно. 

           Хүүхэд гэдэг маш сониуч. Бие нь хүртэл тэдэнд маш сонирхолтой, ер бусын санагдах нь ойлгомжтой. Энэ ном тэдэнд өөрийн биеэ танихад нь туслахын зэрэгцээ  шинэ зүйл сурах дадалд хөтлөх биз ээ. 
          
           Энэ ном болон бусад хүүхдийн номыг манай номын сангаас гэрээр авах боломжтой. Монгол орчуулгыг тунгалаг цаасан дээр хэвлэн япон текстны дор наасан. 

  • АНХААРАХ ЗҮЙЛС
    • Гадуур хувцасаа өлгүүрт өлгүүлэн, орж ирнэ үү.

      Цүнх болон гар тээшээ цүнх хадгалах саванд хийнэ үү.

      Уншигчийн үнэмлэхээ номын сангийн ажилтанд шалгуулан, үнэмлэх байрлуулах  хэсэгт хийж орно уу .

      Гар утсаар болон хоорондоо чанга ярихыг хориглоно.

      Юм идэж, уухыг хатуу хориглоно.

      Өөрийн үнэт эдлэл болон гар утсаа биедээ авч орж үйлчлүүлнэ үү.

      Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй.

      Таны хайхрамжгүйгээс алдагдсан эд зүйлд номын сан хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.
  • УНШИГЧ ТА БҮХЭНД САНАЛ БОЛГОЖ БУЙ ЭНЭ САРЫН НОМ
    • 2017 оны  2 сар

      1.      Номын нэр: “Хирогарү котоба” Бага ангийн Япон хэлний сурах бичиг-5

      2.      Хэвлэгдсэн огноо: 2004 онд боловсруулж, 2009 онд худалдаанд гаргав.

      3.      Хуудасны тоо: 114

      4.      Хэмжээ: 180х255 мм

      5.      Номын ангилал: Бага ангийн хэл сурах бичиг  

      6.      Номын дугаар: 810-1396 (1-0323)

       

                  Энэ сарын номын танилцуулга булангаараа  сурах бичгийн хэвлэлийн компаниас эмхэтгэн гаргасан “Хирогарү котоба” Бага ангийн Япон хэлний сурах бичиг-5-ыг танилцуулъя. Энэхүү сурах бичгийг Японы бага ангийн 5-р ангийн хүүхдүүд хичээл дээрээ хэрэглэдэг бөгөөд 2004 онд боловсруулж, 2009 онд худалдаанд гарсан байна.

                 Уг номонд 2 өгүүллэг, тайлбар зэргийг багтаасан тул жижиг  хэмжээний туужийн номтой харьцуулахад уншиж ойлгоход хялбар агуулгатай учир Япон хэл суралцагчдадыг сонирхож үзэхийг санал болгож байна.

      Мөн бодитоор бага ангийн хичээлд хэрэглэдэг сурах бичиг тул, өгүүллэг оруулахаас гадна  өгүүллэгээр ямар утга санааг гаргаж байгааг ойлгоход дөхөм болох үүднээс гарын авлагын хэсгийг оруулж өгчээ.  Иймд Япон хүн хэрхэн Япон хэлнийг сурдаг талаар, мөн Японы уран зохиол, манга буюу зурагт номын талаар энэ номоор дамжуулан мэдэрч чадна гэж бодож байна.

      Японы уран зохиолтой танилцахын тулд Япон уран зохиолыг хэрхэн унших арга барилыг сурах нь чухал.

      Тэрхүү унших арга барилд суралцахын тулд энэхүү номноос эхлэвэл ямар бэ.

  • Номын сангийн амралтын зарлал
  • ”Япон хэлний клуб”-ын ээлжит уулзалтад урьж байна
  • Номын танилцуулга: Р. Акүтагава “Бурхдын инээмсэглэл”

    •     Богино өгүүллэгийн нэрт мастер гэгддэг алдарт зохиолч Акүтагавагийн өгүүллэгийн түүвэр "Бурхдын инээмсэглэл" нэртэйгээр монгол хэлнээ хөрвүүлэгдсэн билээ. Бид уг түүврээс "Санъэмоны хэрэг" зохиолыг орчуулагчийн зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Бусад өгүүллэгийг манай номын санд ирж уншаарай.  

          Уг зохиолын япон эхийг 

      http://www.aozora.gr.jp/cards/000879/files/138_15156.html  -аас үзэж болно. 


      Зохиолч АКҮТАГАВА РЮҮНОСҮКЭ

      Орчуулсан Л.Адъяасүрэн

      Санъэмоны хэрэг

      Бүнсэйгийн[1] дөтгөөр оны өвлийн эхэн сарын явдал болой. Кага аймгийн Сайшёо Харүнага ноёны хамгаалах албаны самүрай, жилийн 600 кокү[2] тутрагын цалинтай Хосои Санъэмон, алба нэгт самүрай Кинүгаса Сатахэгийн удаах хүү Казүмагийн амийг хөнөөжээ. Гэхдээ шударга тулаанд биш гэнэ. Нэгэн шөнийн нохой цагийн[3] эхэнд Казүма шүлгийн цуглаанаас харьж явсан Санъэмоныг өмнөд морин сургуулийн доохно отож байгаад харанхуйд дайрсан авч өөрөө Санъэмоны илдэнд амиа алдан газар хөсөр унасан ажээ.

      Эл явдлыг дуулаад Харүнага ноён гэгээн мэлмийнхээ өмнө үтэр түргэн хүрч ирэхийг Санъэмонд тушаав. Тийнхүү тушаасан нь тохиолдлын хэрэг биш ажээ. Нэгд, Харүнага ноён ухаантай мэргэн хүн билээ. Ухаантай ноёны зарчмаар улс аймгаа захиах тул албат самүрай нартаа ажил хэргээ даатгачихаад амар тайван сууна гэж ер байхгүй. Тэрбээр аливаа шийдвэрийг өөрөө гаргах агаад шийдвэр биелүүлэх тушаалыг ч мөн өөрийн биеэр буулгахаас нааш санаа нь амардаггүй нэгэн бололтой билээ. Харүнага дээхнэ хоёр шувуучийнхаа нэгийг шагнаж, нөгөөг шийтгэсэн нь удаатай. Тэрхүү явдал Харүнага аливаа хэргийг хэрхэн шийддэг тухай нэгийг өгүүлэх учир товчхон доор сийрүүлье. 

      Ишикава хошууны Ишикава тосгоны тутрагын талбайд улаан хушуут тогоруун сүрэг буусан тухай мэдээ аваад шонхрын албаныхан дэд туслахад хэл хүргүүлж эзэн дээдэст уламжилсанд ноёнтон ихэд баярлаж, дараа өдрийн туулай цагт[4] бүгд бэлтгэл ханган Ишикава тосгон руу анд гарчээ. Ангийн шувуудаас шёогүний хайрласан цуутай шонхор Фүжи-Зүкасагаас[5] гадна хоёр том, хоёр жижиг шонхор авч явав. Фүжи-Зүкасагийн сургагч нь Аймото Кизаэмон хэмээх самүрай боловч энэ өдөр ноёнтон өөрийн биеэр Фүжи-Зүкасаг барьж явахыг хүсчээ. Тийм учир дөнгөж бороо татарсан тутрагын талбай дундуурх нарийхан жим дээр ноёнтныг санаандгүй халтирч унахад шонхор ухасхийн тэнгэрт хөөрч, бараанаар нь тогоруун сүрэг ч үргэж өөдөө нисэн одов. Үүнд Фүжи-Зүкасагийн сургагч Кизаэмон эгшин зуур өөрийгөө умартан “Бүтэлгүй амьтан, яаж байгаа чинь энэ вэ!” гэж уурлан зандарсан авч хэний өмнө юу хэлснээ гэнэт ухаарч ноёныхоо өмнө сөхрөн унав. Ар нуруугаараа хүйтэн хөлсөө цувуулан эзний сэлэм буухыг хүлээтэл Харүнага ноён хөгжилтэй инээж “Миний буруу. Намайг уучил” хэмээв. Бас болоогүй Кизаэмоны шулуун занг үнэлж өргөөндөө буцсаныхаа дараа 100 кокү тутрагын шинэхэн талбай хайрлаж, шонхор шувуучдын захирагчаар томилжээ.

      Түүнээс хойш шонхорыг Янасэ Сэйхачи хэмээх самүрай хариуцах болоод удаагүй байтал Фүжи-Зүкаса шувууны өвчин туссан гэнэ. Эзэн дээдэс Сэйхачиг дуудан шонхорынхоо байдлыг асуухад гайгүй эдгэж сайжирсан учир Сэйхачи “Бүрэн эдгэсэн, одоо бол хүн барихаас ч алзахгүй” гэж хариулав. Гэвч эл хариулт ноёны таалалд нийцээгүй бололтой, дурамжханаар “Тэгвэл хүн барихыг харуулаарай” хэмээжээ. Сэйхачи арга буюу хүү Сэйтароогийнхоо толгой дээр загас, шувууны мах тавьж өглөө оройгүй сургасны дүнд шонхор ч аяндаа хүний толгой дээр бууж сурав. Сэйхачи шувуучдын ахлагчаар дамжуулан шонхор хүн барихад бэлэн болсон тухай уламжилбаас ноёнтон:

      - Сонирхолтой юм үзэх нь, маргааш өмнөд морин сургуулийн талбай дээр цайны ёслолын халзан[6] Ооба Жюүгэнийг бариулж үзүүлээрэй хэмээв.

      Дараа өдрийн луу цагийн[7] алдад ноёнтон морин сургуульд очиж, талбайн голд Ооба Жюүгэнийг зогсоогоод “Сэйхачи, нисгэ!” хэмээн тушааваас Сэйхачи Фүжи-Зүкасаг суллан тавилаа. Шонхор ханз үсэг “нэг”[8] лүгээ адил шув шулуухан нисч Жюүгэний толгойд буухад Сэйхачи “Барьчихлаа!” гэж дуу алдан шувууны элэг авдаг тонгоргоо хуйнаас нь сугалж гаргаад Жюүгэн рүү ухас хийн үсэрч очсонд ноёнтон “Янасэ, чи яаж байна!” хэмээн зандрав. Гэвч Сэйхачи ноёнтоны үгийг анзаарч эмээх сэхээгүй “Шонхор ан барьсан бол элгийг нь авах ёстой” гээд хутгаа дүрэхийг завдсан тул эзэн дээдэс нэн ихээр уурлан хилэгнэж “Буу өг” хэмээсэн даруйдаа байнга дасгал хийдэг буугаараа Сэйхачиг газар дээр нь нам буудаж унагав.

      Хоёрт, Харүнага ноён Санъэмоныг эртнээс ажиглаж байжээ. Дээхнэ, балмад галзуу этгээдийг барих үед Санъэмон өөр нэг самүрайн хамт духандаа шархадсан юм. Нэг нь хөмсөгнийхөө дундуур шарх олж, харин Санъэмоны зүүн шанаа хавдаж, хөхөрч бугласан байлаа. Харүнага тэр хоёрыг дуудаж хичээл зүтгэлийг нь магтан сайшаагаад “Яаж байна, өвдөж байна уу?” гэж асуухад самүрай “Өчүүхэн надад санаа тавьсанд тань талархъя, азаар өвдөхгүй байна” гэж хариулав. Харин хажуудах Санъэмон “Ийм шарх, үхсэн хүнийх л өвдөхгүй байх” гэж дурамжхан дуугарчээ. Түүнээс хойш Харүнага Санъэмоныг шударга хэмээн үнэлэх болов. Энэ эр уран үг урсгахгүй, найдвартай ханатай хүн хэмээн бодох болсон билээ.

      Тийм учир Харүнага болсон хэргийн учрыг олж хужрыг тунгаахын тулд Санъэмоныг биечлэн байцааж асуухаас илүү дөт зам байхгүй хэмээн бодож байлаа.

      Зарлиг авсан Санъэмон айж эмээсээр эзэн ноёндоо бараалхав. Гэвч төрх байдалд нь гэмшиж зовсон шинж ер үгүй. Түүний хөрслөг бор, туранхай, огцом зан аашны төлөв ажиглагдах царайнд сэтгэлдээ нэгийг шийдсэн хүний байдал үл ялиг илэрч байлаа.

      Харүнага ийн асуув:

      - Санъэмон, Казүма харанхуйд чам руу дайрсан гэлцэнэ. Бодвол өс санасан байх. Юунд өс өвөрлөсөн юм бол доо?

      - Юунд өс санасныг би үл мэднэ.

      Харүнага хэсэг бодсоны дараа дахин нухацтай лавлаж асуув:

      - Чамд санах зүйл огт алга уу?

      - Санаж буй гэмээр зүйл үгүй билээ. Гэхдээ яаж мэдэх вэ, саяхны нэгэн явдалд юм санаа юу даа гэж бодогдоно.

      - Тэр чинь юу юм бэ?

      - Дөрвөн өдрийн өмнөх явдал бөлгөө. Ноёнтоны багш Ямамото Козаэмоны дэвжээнд илдийн урлагийн энэ жилийн сүүлийн тэмцээн болсон юм. Би тэр үед Козаэмон эрхмийн оронд шүүгч хийсэн бөлгөө. Гэхдээ зөвхөн сургалтаа дүүргээгүй залуучуудын тэмцээнийг шүүж, Казүмагийн тулааныг ч би шүүсэн болно.

      - Казүма хэнтэй тулалдсан бэ?

      - Ноёнтны ойрын туслах, Хиратаки Дайбү эрхмийн өв залгамжлагч ууган хүү Тамон гэдэг залуутай тулалдсан.

      - Тэр тулаанд Казүма ялагдсан байх нь ээ?

      - Тийм ээ, эрхэм ээ. Тамон Казүмагийн бугуйд нэг, тэргүүнд хоёр удаа цохиж оноо авсан бөлгөө. Казүма харин нэг ч оноо авч чадаагүй. Дүгнэвэл, гурван тулааны нэгэнд нь ч Казүма оноо авч чадалгүй хэцүүхэн ялагдал хүлээсэн юм. Тиймээс шүүгч буюу надад өс санасан байж магад.

      - Тэгэхээр Казүма чиний шүүлтийг шударга бус гэж бодсон байх нээ?

      - Тийм болов уу, эрхэм ээ. Гэхдээ би булхайтай шүүсэн удаагүй. Булхайтай шүүх шалтгаан ч байхгүй. Гэвч Казүма шударга бусаар шүүсэн гэж сэрдэж сэжиглэсэн болов уу гэж бодном.

      - Тэгвэл өдөр тутмын явдлаа бод доо. Казүматай юуны ч тухай юм ам зөрж маргасан явдал байхгүй юу?

      - Маргасан явдал үгүй билээ. Гэхдээ...

      Санъэмон үгээ таслав. Гэвч хэлэх үү, болих уу гэж тээнэгэлзсэн байдал үгүй. Хэлэх үгнийхээ урд хойд дараалал, учрыг ойлгуулах цэгц эрэмбийг бодож буй царайтай байлаа. Харүнага царайгаа зөөллөн Санъэмоны ярьж эхлэхийг дуугүй хүлээхэд Санъэмон ч төдөлгүй ярьж эхлэв:

      - Нэг ийм явдал болсон юм. Тэмцээний урд өдөр болой. Казүма гэнэт урьдын ёс алдсан явдалд хүлцэл өчиж уучлал гуйв. Гэвч урьдын ёс алдсан явдал гэдэг нь юу болох тухай надад мэдэх юм байдаггүй. Юун тухай бол гэж өөрөөс нь лавлаж асууваас Казүма муухан мушилзахаас өөр хариу өгсөнгүй. Тийм учир “Арга алга, ёс алдсан явдал үгүйд түүний төлөө уучлал гуйх хэрэг ч мөн үгүй” гэж хариулсан юм. Казүма ч зөвшөөрсөн янзтай “Тэгвэл би эндүүрсэн байх, элдэв юм бүү санаарай” гэж энгийн даруунаар хэлж билээ. Гэвч тэгж хэлэхдээ муухан инээмсэглэсэн гэхээс илүү жуумалзсаныг нь тод санаж байна.

      - Казүма бас юуг тэгж эндүүрсэн юм бол доо?

      - Би өөрөө ч ойлгож ядна. Гэхдээ юу ч байсан үл хэрэгсэхүйц, аахар шаахар зүйл биз ээ... Үүнээс өөр санаанд орох юм алга.

      Өргөө хэсэгхэн зуур дахин нам гүм болов.

      - Тэгвэл, Казүмагийн ааш араншин ямар вэ? Хардаж сэрдэх сэтгэлтэй гэж бодсон удаа байна уу?

      - Түүнийг би хардаж сэрдэх нэгэн гэж эс бодно. Харин ч эсрэгээр, залуу хүний зангаараа, сэтгэлээ илчлэхээс ичиж зовдоггүй... Тийм болоод ч ялимгүй түргэн, хурдан дүрсхийдэг зантай байсан гэж бодном...

      Санъэмон яриагаа түр таслаад, үгээ үргэлжлүүлэх биш амьсгал гаргах мэт аяархан дуугаар нэмж ийн хэлэв:

      - Гол нь Тамонтой тулсан тэр тэмцээн, чухал тэмцээн байсан юм.

      - Чухал тэмцээн гэж ямар учраас тэр вэ?

      - Казүма урьдчилсан шалгалтаа амжилттай давсан юм. Тиймээс тэр тэмцээнд ялсан бол сургалтаа амжилттай дүүргэсэнд тооцож болох байлаа. Нөгөөтэйгүүр, Тамон ч мөн адил дүнтэй байсан. Казүма, Тамон хоёр гарамгай сайнаараа бусад сурагчдаас гойд ялгарах тул хэн нь илүүг хэлэхэд бэрх байсан.

      Харүнага хэсэг зуур дуугаа хураан нэгийг бодож буй бололтой байв. Гэвч, гэнэт санаагаа өөрчилсөн янзтай Санъэмоноос Казүмагийн амийг хороосон шөнийн явдлыг асууж эхлэв.

      - Казүма морин сургуулийн доохно хүлээж байсан нь гарцаагүй юү?

      - Тийм болов уу гэж бодном. Тэр шөнө гэнэт цас орсон болохоор би шүхрээ дэлгэн морин сургуулийн доохно явж байлаа. Найз нөхдөө дагуулаагүй, борооны цув ч нөмрөөгүй гарсан билээ. Гэнэт салхи ширүүсэж, зүүн талаас цасаар шуурч эхлэхэд би хагас дэлгэсэн шүхрээ дор нь зүүн талдаа шилжүүлж хөндлөн барьсан юм. Яг тэр агшинд Казүма илдээ далайн цавчсан тул би шархдаагүй, зөвхөн барьж байсан шүхэр л хуга үсэрсэн.

      - Нэрийг чинь дуудалгүй дайрсан уу?

      - Дуудаагүй гэж санана.

      - Тэр агшинд хэн гэж бодсон бэ?

      - Бодох сэхээ байгаагүй. Шүхэр хугарах даруйд би баруун тийш огло үсрэн харайсан Ашидагаа[9] ч тэр үед тайлсан байх. Тэгтэл хоёр дахиа довтолж ирэв. Хоёр дахь цавчилтаар түүний илд миний хантаазны ханцуйг таван сүн[10] хиртээ зүсэв. Би дахин арагш үсрэхдээ илдээ сугалж цохилтыг нь хариулсан юм. Казүмагийн гэдсийг тэгэхэд хүүлсэн болов уу. Казүма нэг юм хэлсэн ...

      - Нэг юм гэж?

      - Яг юу гэснийг нь мэдэхгүй. Гагцхүү ширүүн дуу гаргасан юм... Би тэр агшинд гарцаагүй Казүма байна гэж бодсон.

      - Тэгэхээр, тэр юу ч юм бэ хэлсэн дуу, танил дуу байсан хэрэг үү?

      - Үгүй эрхэм ээ, тийм биш.

      - Тэгвэл Казүма гэж яаж мэдсэн юм?

      Харүнага Санъэмонг харц салгалгүй ширтэхэд Санъэмон юу ч дугарсангүй. Харүнага хариу нэхэж асуултаа давтав. Гэвч Санъэмон хакамагаа[11] гөлрөн суугаад амаа энэ удаад тийм ч амар нээсэнгүй.

      - Яагаад вэ, Санъэмон? – дахиж асуухдаа Харүнага эгшин зуур тэс ондоо хүн мэт догшин, сүрлэг дүртэй болсон байлаа. Ийнхүү гэнэт байдлаа хувиргах нь Харүнагагийн дадсан аргын нэг билээ. Санъэмон харцаа бууруулсан чигтээ арайхийж амаа нээсэн боловч амнаас нь гарсан үгс “яагаад” гэдгийн хариулт биш байлаа. Санъэмон үл сонсогдох төдий сул дуугаар хийсэн хэрэгтээ ийн өршөөл гуйжээ:

      - Таны албанд хүчин зүтгэх самүрайгийн амийг харамсалтайгаар хөнөөж сэлмээ зэврүүлсэн мөхөс Санъэмон би гэмт хэргээ хүлээнэ.

      Харүнага үл мэдэг хөмсгөө хөдөлгөсөн боловч нүд нь Санъэмоны царайг ширүүнээр ширтсэн хэвээр. Санъэмон үгээ цааш нь үргэлжлүүлэв:

      - Казүма надад өс санах нь аргагүй. Би тулааныг булхайтай шүүсэн юм.

      Харүнага хөмсгөө зангидав.

      - Чи саяхан булхайн явдал гараагүй, гарах учир ч байгаагүй... гэж хэлээгүй билүү?

      - Тэр үгээ би одоо ч давтаж хэлнэ.

      Санъэмон үг бүрээ дэнслэн бодож, болсон явдлыг нэгд нэгэнгүй эргэн санах аятай ярьж эхлэв:

      - Миний булхай гэдэг тийм зүйл биш бөлгөө. Нэн ялангуяа Казүмад ялагдал хүлээлгэж, Тамоны ялалтыг дэмжих санаа түрүү хэлсэнчлэн хумсын чинээ ч агуулаагүй билээ. Гэхдээ тийм санаа өвөрлөөгүй учир булхайн явдал гаргаагүй гэж хэлж бас болохгүй. Би Тамоноос илүү Казүмад найдлага тавьж байсан юм. Тамоны урлаг тогтворгүй. Бузар булхайг хийсэн ч хамаагүй ялж л байвал болох нь тэр, ялахаас өөр юуг ч бодохгүй тул түүний урлаг журмын бус. Харин Казүмагийн урлагт муу муухай зүйл үгүй. Түүний урлаг бол дайснаа эцсээ хүртэл эгц угтах шулуун замын урлаг. Би хоёр гурван жилийн дараа Тамон Казүмагийн хаана нь ч хүрэхгүй гэж бодож байлаа.

      - Тийм бол яагаад Казүмад ялагдал хүлээлгэсэн бэ?

      - Тэрний учир... Би яриан байхгүй Тамоныг биш Казүмаг ялаасай гэж хүсэж байсан юм. Гэвч би бол шүүгч. Шүүгч хүн ямар ч тохиолдолд өөрийн хүсэл сонирхлыг ор тас таслан хаях ёстой. Шинай[12] зөрүүлэх хоёр хүний хооронд дэвүүр барин зогссон бол зөвхөн тэнгэрийн замыг л дагах учиртай. Тийм учраас Тамон, Казүма хоёрыг шүүхээр зогсохдоо би зөвхөн шударга ёсыг л эрхэмлэж байлаа. Гэвч түрүүн хэлсэнчлэн би сэтгэлдээ Казүмаг ялаасай хэмээн хүсэж байсан билээ. Зүйрлэвээс, миний сэтгэлийн жинлүүр Казүмагийн тал руу хазайж байсан юм. Сэтгэлийнхээ энэ жинлүүрийг тэнцүүлэхийн тул би Тамоны тавганд туухай нэмэв. Гэвч одоо бодоход дэндүү ихийг нэмсэн байж. Би Тамонд дэндүү зөөлөн, Казүмад дэндүү хатуу хандсан байжээ.

      Санъэмон дахиад үгээ таслав. Харүнага дув дуугүй, яриаг нь чих тавин чагнаж байв. Санъэмон үргэлжлүүлэн:

      - Тулаан эхлэхэд тэд өөд өөдөөсөө харан зогслоо. Нэг хэсэгтээ хэн нь ч хөдөлсөнгүй. Тэгж байтал Тамон боломж олж харсан бололтой, Казүмагийн толгойг цохихыг завдав. Гэвч Казүма уухайлан хамгаалж цохилтыг нь гарамгай хариулснаар үл барам Тамоны бугуйг давхар цохив. Миний булхай яг энэ мөчөөс эхэлсэн юм. Би тэр цохилтыг яах аргагүй Казүмагийн ялалт гэж дотроо дүгнэсэн. Гэвч “ялалт” гэж бодсон даруйдаа бугуйд хүрсэн хулсан илдийн цохилт сулдсан биш байгаа гэж давхар бодлоо. Хоёр дахь бодол миний шийдлийг мохоож, эцсийн дүндээ би Казүмагийн талд дэвүүрээ өргөөгүй юм...

      Тэр хоёр дахин хэсэг хугацаанд бие биеэ ширтэн өөд өөдөөсөө харан зогслоо. Энэ удаад Казүма Тамоны бугуйг онилон түрүүлж хөдөлсөн боловч Тамон цохилтыг нь хариулахдаа Казүмагийн бугуйг цохичихов. Тамоны энэ цохилт Казүмагийн цохилттой харьцуулахад сул байсан шиг санагдсан. Ямар ч байсан Казүмагийн цохилтоос ур чадварын хувьд илүү байсан гэх аргагүй. Гэвч би тэр даруй Тамоны зүг дэвүүрээ өргөчихсөн юм. Тиймээс эхний тулааны ялалт Тамоных болов. Би дотроо “Баларсан юм” гэж бодсон боловч тэгж бодох сэтгэлийн мухарт “Үгүй, би буруу шүүгээгүй, Казүмад талтай учир буруу шүүсэн мэт санагдаж байна” гэж нэг юм шивнээд байсан болно...

      Санъэмон дахин амаа жимийн дуугаа хураахад Харүнага ялимгүй ярвайж “Дараа нь яав?” гэж шавдуулав.

      - Тэд дахин хулсан илдийнхээ үзүүрийг тулгаж зогсов. Хамгийн удаан өөд өөдөөсөө тулж зогссон нь энэ удаа байсан болов уу... Гэнэт Казүма илдээ Тамоны илдтэй зөрүүлэв үү үгүй юу, хүзүүг нь онилж цохив. Хурдан бөгөөд оновчтой цохилт болсон. Гэвч Тамоны хулсан илд ч нэгэн зэрэг Казүмагийн толгойд хүрсэн юм. Цохилт зэрэг болсон учир би тулаан тэнцсэнийг мэдүүлж дэвүүрээ чанх дээш өргөв. Гэхдээ... тэнцээгүй ч байж магад. Эсвэл би хэн нь урьтаж хэн нь хожимдсоныг шийдэж чадахгүй эргэлзсэн байж магад. Үгүй, хүзүүний цохилт толгойн цохилтоос түрүүлсэн байж мэднэ... Юутай ч тэр хоёр тэнцэж, дөрөв дэх удаагаа өөд өөдөөсөө ширтэлцэн зогслоо. Тэгтэл энэ удаад ч Казүма түрүүлж довтлон, дахин Тамоны хүзүүг онилон ухасхийв. Даанч илднийх нь үзүүр дээш өргөгдсөн учир Тамон Казүмагийн илдний доогуур өөрийн илдээ шургуулж биед нь хүрэхийг завдав. Ийм байдлаар тэр хоёр арваад удаа салж нийлэн тулалдсан боловч хамгийн сүүлд Тамон “нүүр цохилт” хийсэн юм...

      - Цохилт нь?

      - Өөгүй цохилт байсан. Хэн ч харсан Тамоны ялалт илэрхий байв. Харин Казүма тэр цохилтын дараа бага зэрэг сандарч эхэлсэн юм. Би сандрахыг нь хараад дараагийн удаа дэвүүрээ Казүмагийн зүг өргөх юмсан л гэж бодож байлаа. Гэвч тийнхүү бодох тусам Казүмад ялалт өгч дэвүүр өргөхөөс түдгэлзээд болохгүй байсан. Тэр хоёр долоо, найман удаа илдээ зөрүүлж хэсэгтээ үзэлцэв. Гэнэт Казүма юу санасан юм, Тамонд биеэрээ тулах арга хэрэглэхийг оролдов. “Юу санасан юм” гэж хэлэхийн учир нь Казүма жирийн үед тийм арга хэрхэвч хэрэглэдэггүйд оршино. Би амьсгаагаа хураав. Амьсгаагаа хурааж айсан минь ч аргагүй – Тамон биеэ нээв үү үгүй юу, шаламгай гэгчийн цохилтоор Казүмагийн толгойг оносон юм. Энэ сүүлийн тулаан Казүмагийн хувьд ямар ч үр дүнгүй, хоосон тулаан болж таарсан... Тиймээс би арга буюу гурав дахь удаагаа Тамоны зүг дэвүүрээ өргөх болов... Миний хийсэн булхай бол ийм зүйл бөлгөө. Сэтгэлийнхээ жинлүүрт хумсын чинээ туухай нэмэхэд тэнцвэр алдагдсан байжээ... Гэтэл Казүма миний булхайн хар гайгаар чухал тэмцээндээ ялагдал хүлээв. Одоо бодоход Казүма надад өс санасанд гайхах зүйл үгүй, үйл явдлын зүй ёсны үр дагавар хэмээн бодож байна.

      - Тэгвэл бултаж илд эргүүлэхдээ Казүма гэж бодсон чинь?

      - Яг хэлж мэдэхгүй юм... Гэвч одоо бодоход би сэтгэлийн гүндээ Казүмагийн өмнө буруутайгаа мэдэж байсан болов уу... Тийм учир дайрч ирсэн этгээдийг Казүма гэж гэмтэй хүний совингоороо мэдсэн байх...

      - Тэгэхээр чи Казүма алуулсанд харамсаж байх нээ?

      - Тийм ээ, эрхэм ээ. Түрүүн хэлсэнчлэн, таны албанд хүчин зүтгэх авьяаслаг самүрайн амийг ийнхүү хөнөөсөндөө мөхөс би харуусаад баршгүй.

      Яриагаа дуусгаад Санъэмон одоо яасан ч яах вэ гэсэн аятай толгой гудайлган сууна. Өвлийн эхэн сарын хүйт даасан өдөр атал духанд нь хөлс гялалзана. Харин Харүнагийн сэтгэл уужирсан бололтой, өөрөө өөртэйгээ зөвшилцөх мэт хэдэн удаа томоор толгой дохив.

      - За одоо яах вэ, сэтгэлийн чинь угт юу болж буйг би гадарлана. Чи буруу зүйл хийсэн байж магад. Эсвэл яах ч аргагүй байдалд орсон ч байж магад. Гэвч үүнээс хойш... гэснээ Харүнага үгээ гүйцээлгүй Санъэмоны царайг гэнэт зэрвэс харж асуув:

      - Илдээ сугалахдаа чи Казүма гэдгийг мэдэж байсан. Тэгсэн атлаа яагаад амийг нь хөнөөхөөс түдгэлзсэнгүй вэ?

      Харүнагаг ийнхүү асуухад Санъэмон тэргүүнээ огцом өргөв. Хөрслөг бор царайд нь түүний нүд урьдынх шигээ шийдэмгий гялалзаж байлаа.

      - Амь хэлтрүүлэх арга байсангүй! Би эзэн дээдсийн албат. Мөн самүрай хүн. Казүмаг хэдий өрөвдөх ч харанхуйд дайрах самуун хулгайг өрөвдөж үл болно!

       

      Тайшёо 12 оны (1923) 12 сар



      [1] Бүнсэй – Эдогийн үеийн он тооллын нэг, 1818-1829.

      [2] кокү – хүндийн хэмжээ, 150 кг. Нэг хүний жилд идэх тутрагын хэмжээг нэг кокүд тооцож цалин тогтоож байв.

      [3] нохой цаг – хоногийг 12 жилийн нэрээр 12 цагт хуваадаг байв, нохой цаг нь 19:00~21:00.

      [4] туулай цаг – өглөөний 05:00~07:00 цаг.

      [5] Фүжи-Зүкаса – шонхрын нэр. Аймгийн захирагч ноёдыг Эдо хотод бараалхах үед шёогүний сүргээс шонхор хайрлах тохиолдол байсан бөгөөд бэлэгний шонхорын барьсан ан бүрийг Эдо руу илгээдэг уламжлалтай байв.  

      [6] Цайны ёслол хариуцагч самүрай нар үсээ хусдаг уламжилалтай байв.

      [7] луу цаг – өглөөний 07:00~09:00.

      [8] ханз үсэг “нэг” – нэгийн тоог заах ханз үсэг нэг хөндлөн шулуун зураасаас бүрдэнэ:

      [9] ашида – бороо, цастай өдөр өмсдөг өндөр ултай модон шаахай.

      [10] сүн – уртын нэгж, 3.03 см.

      [11] хакама – эрэгтэй хүний кимоно.

      [12] шинай – дасгал сургууль, уралдаан тэмцээний үед ашиглах хулсан илд. Тэмцээний үед өрсөлдөгчийнхөө тусгай цэг рүү цохиж оноо авна.

  • Ном тооллогын зарлал
  • Номын сангийн амралтын зарлал
  • ЦАГИЙН ХУВААРЬ
  • ШИНЭ СОНИН, СЭТГҮҮЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
    • Сүүлийн үеийн мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор доорх Японы сар бүрийн сэтгүүлүүд, өдөр тутмын сонин мөн Монголын өдөр тутмын сонинг тогтмол захиалдаг тул үйлчлүүлэгчид чөлөөтэй уншиж сонирхох боломжтой.

      Төрөл

      Ангилал

      Сонин, сэтгүүлийн нэр

      Хэл

      Сонин хачин мэдээлэл

      Бага сургуулийн сурагч

      Асахи шёогакүсэй шинбүн

      Япон

      Оюутан, бүх насныхан

      Дайгакү шинбүн

      Япон

      Бүх насныхан

      Нихон кэйзай шинбүн

      Япон

      Монгорү цүүшин

      Япон

      Өнөөдөр

      Монгол

      Зууны мэдээ

      Монгол

      Үндэсний шуудан

      Монгол

      Бизнес таймс

      Англи

      ЮБ пост

      Англи

      Сэтгүүл

      Мэдээллийн технологи

      Асүкидотто ПС

      Япон

      Никкэй софүто виа

      Япон

      Бүх насныхан

      Эн Эйч Кэй телевиз “Кёо но рёори“

      Япон

      Аера

      Япон

      Шюүкан бүншюн

      Япон

      Катэй гахоо

      Япон

      Оранж пээж

      Япон

      Бүнгэй шюнжюү

      Япон

      Ай ай

      Англи

      Япон хэлний сургалт

      Хирагана таймс

      Япон

      Нихонго

      Япон

      Ньюс га вакарү

      Япон

      Шинжлэх ухаан

      Ньютон

      Япон

      Спорт

      Нанбаа

      Япон

      Тарзан

      Япон

      Сүмоо

      Япон

      Загвар

      Нонно

      Япон

      Кан Кам

      Япон

      Класси

      Япон

      Бизнес

      Никкэй бизнес

      Япон

      Бусад

      Ньюс вийк

      Англи

      Си Эн Эн Инглиш Экспресс

      Англи